Дундговь аймаг
1941-1945 оны Аугаа их Эх орны дайны гал ид дүрэлзэж фашист Германы цэргүүд Москва орчимд тулж ирсэн хүнд цаг үед маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчдийн хамт бэлэглэлийн 3 дугаар цувааг хүргэхэд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Улсын сайн малчин С.Цэгмид явж Монголын ард түмний бэлгийг фронтын шугамд тулалдаж буй дайчдад гардуулсан түүхэн эмэгтэй юм. Энэ үеэр Монголын ард түмний хандивын хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкны цувааны шинэхэн танкнуудыг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Улаан армийн танкны 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд гардуулахад С.Цэгмид “Дундговийн ардуудаас” гэсэн танкийг Сергей Волков даргатай экипажид хүлээлгэн өгчээ. ЗХУ-ын төр засгийн тухайн үеийн тэргүүн, фашизмыг ялахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Иосиф Сталин Монголын төлөөлөгчдийг Кремльд хүлээн авахдаа тал нутгийн малчин эмэгтэй С.Цэгмидтэй гар барьсан гэдэг. Фронтод бэлэг хүргэх үеэрээ их бууны нэгэн ангид зочилж “Фашистуудад үхэл” хэмээн бичсэн сумаар гал нээсэн нь дайсанд амьд хүчний хохирол учруулсан мэдээ ирж байжээ. Энэ бүх хичээл зүтгэлийг нь Монгол Улсын БХЯ-наас үнэлж 2017 онд “Дайнд оролцсон ахмад дайчин” үнэмлэх тэмдгийг гардуулсан байна.
Энэхүү түүхэн эмэгтэйн үр хүүхдүүд, ах дүү нар нь санаачлан мэндэлснийх нь 101 насны баярыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан гэдэг газар ёслон тэмдэглэв. Сөлтэй намрын тос даасан дэнж дээр өнгө алагласан асар майхнууд дэрвүүлж, газар газраас зорин ирсэн олон түмэн мэнд усаа мэдэлцэн цэнгэж, ир бяр нь тэгширсэн хүчит бөхчүүдийн дэвээ шаваа мэлмий баясгаж, шандаст хурдан хүлгүүдийн хийморь лундаа оршиж, шагайн харваагаар цэц мэргэнээ сорин, дуу хуурын эгшиг аялгуу тэнгэрт хадаасан дэлгэр сайхан наадам боллоо.
Өндөр насны хутаг өргөх ёслолд Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Сайхан-Овоо сумын Засаг дарга, ахмад дайчин С.Цэгмидийн зээнцэр Г.Лувсанрагва, Дэлгэрхангай сумын ИТХ-ын дарга Ц.Сансармаа, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах дэд хурандаа В.С.Буховец нарын албаны хүмүүс, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ, Улаанбаатар хотоос ирсэн ах дүүс, нутаг усных нь ахмад настнууд хүрэлцэн иржээ. Өлгийтэй ирж гар дээр нь өсөж, өтөл насанд нь өргөж яваа зээнцэр Энхээгийн Мөнхтуяа ёслолыг нээж буурай ижийнхээ 101 насны ойд ирсэн хүмүүст талархал илэрхийлэв.
Оросын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин Элчин сайд ноён А.Н.Евсиковын мэндчилгээг сонордуулж ахмад дайчин С.Цэгмидэд гардууллаа. Мөн Цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нарын мэндчилгээг уншин танилцуулж Засаг даргын дурсамж, дурсгалын зүйл, гарын бэлгийг гардууллаа. Ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе!