Дундговь аймаг
2023 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Соёлын төвд Онги, Мааньт, Найз, Төгрөг багийн Иргэдийн нийтийн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд 4 багийн 212 иргэн оролцож, Эрүүл мэндийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Улсын бүртгэл, Газрын харилцаа, Татварын үйлчилгээг нэг дороос авч иргэд төвтэй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн хурал, арга хэмжээ боллоо.
Багууд Иргэдийн нийтийн хурлаар иргэдээс ирсэн Хороо бууц өөрийн нэр дээр болгох 23 өргөдлийг баг тус бүрийнхээ хурлаар хэлэлцэж 15 иргэний өргөдлийг шийдвэрлэж, 8 өргөдлийг буцаасан шийдвэр гаргалаа.
Мөн тус хурлуудаар Сумын 100 жилийн ойн баяр наадмын хандивын талаар мэдээллийг Сумын Засаг дарга Г.Лувсанрагва, Сумын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтуудын талаар сумын Засаг даргын орлогч Ц.Алтангэрэл, Хог хаягдал дахивар бүтээгдэхүүний талаар Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Тунгалаг, Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн талаар байцаагч Б.Долгоржав, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар Мэргэжилтэн Цэрмаа, Татварын талаар байцаагч Ч.Оюунжаргал нар тус тус иргэдэд мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.
Иргэд ЗДТГ-ын үйл ажиллагаа, албан хаагчдын талаар санал хүсэлт, үйлчилгээний сэтгэл ханамжийн талаарх судалгааг өгсөн байна. Эцэг эхчүүдэд хүүхдийн үдийн цай, хоолны амталгааг Ерөнхий боловсролын сургууль болон Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон хүргэлээ.
Түүнчлэн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч баг бүрэлдэхүүн ирж иргэдэд Дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, рентген, эхо чиглэлээр үйлчилгээ үзүүлсэн. Нарийн мэргэжлийн эмч нараар давхардсан тоогоор нийт 282 иргэн үйлчлүүлсэн байна. Нийгмийн даатгалын үйлчилгээ-55, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ-52, Улсын бүртгэлийн үйлчилгээ-93, Татварын үйлчилгээ-31, Газрын албаны үйлчилгээ-85 иргэн тус тус үйлчилгээ авсан байна.