Сайхан–Овоо
сум 1923 оны усан гахай жил Богд хан уулын
аймгийн (Дэлгэрхангай уулын хошууг задалж сумд болгох шийдвэр гарсны дагуу)
хошууны баруун хойд зах нутагт сум байгуулахаар тогтож, нутгийн хашир
хүмүүс хаана байгуулах тухай хэлэлцсэн гэдэг. Тэр үед нутгийн зарим өвгөд Цогт
уулан дахь Онгийн хийд бараадуулан байгуулах, мөн Цогт уулын эртний тахилгат
Сайхан-Овоо хайрханаар нэрлэх санал гаргажээ. Гэтэл хийдтэй хамт байж
болохгүй, бартаа ихтэй тул алсдаа чийчаан хүрч чадахгүй, гээд газрын дунд
байрлалтай, сайн устай хэмээн одоогийн “Найз” багийн нутаг Ширээ гэдэг газрыг
сонгон анхны тулгын чулуугаа тулж, Сайхан–Овоо хэмээн нэрлэхээр болсон
гэдэг.
Дарга,
нарийн бичгийн дарга, зарлага гэсэн 3 орон тоотой, албан хэрэг явуулах 2
бор гэртэйгээр байгуулагджээ.
Сумын
анхны даргаар Д.Палаандорж гэдэг хүн ажиллаж байв. Анхны Нарийн бичгийн даргаар
нь З.Тулга, анхны зарлагаар М.Мижид нар ажиллаж байжээ. Улмаар 1928 онд
хуралдсан Улсын 5 дугаар Их хурлаас сумдын тоо хэтэрхий олон, төрийн хэргийг
явуулахад зардал чирэгдэл их байгаад үндэслэн сумдын тоог цөөлж хорин гэрээр
гэр баг болгож, 15 хорин буюу 300 өрхөөр нэг сум болгон зохион байгуулахаар
шийдвэрлэсэн байна. 1931 онд Засаг захиргааны бүтцэд өөрчлөлт хийж, мөн
оны 2 сарын 7 ны өдрийн БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчдийн
хуралдааны 5-р тогтоолоор Өлзийт уул сумыг татан буулгаж, урд талыг нь
Дэлгэрхангай сумтай, хойд хэсгийг нь Сайхан-Овоо сумтай нийлүүлж, тус сумдыг
Өмнөговь аймгийн сум болгон шийдвэрлэсэн. Анхны
дарга Д.Палаандоржийнх мал сайтай айл байсан тул, тэднийх хаана өвөлжөөлж,
хаана бууна Сумын төв нь мөн л тэнд нь өвөлжөөлж, дагаж нүүдэллэн
явсаар 1931 оны төмөр хонин жил одоогийн байгаа Онги голын зүүн эрэг
Хадан хошууны энгэрийн тэгш дэнжийг сонгон төвхнөжээ.
Тус
сум нь 1933 оны байдлаар 5 баг, 388 өрх, 1600 хүн ам, 39,1 мянган толгой малтай
тухайн үедээ нэлээд томоохонд орох сумдын нэг байсан байна. 1962 оны сүүлч 1963
оны эхэн үед төрөөс олон жижиг нэгдлүүдийг нэгтгэн томруулах бодлого баримталж,
сумдыг татан буулгаж, зэргэлдээ сумдад нь нийлүүлэх шийдвэр гарсан. Үүний дүнд
сумын зүүн талын хил залгаа Цогтчандмань сумыг задалж, баруун талын хэсэн буюу
Төгрөг бригадыг бүхэлд нь Сайхан-Овоо сумтай нийлүүлсэн.
1941 оны 12 сарын 11 нд БНМАУ-ын Улсын бага хурлын
тэргүүлэгчдын хуралдааны 81-р тогтоолоор аймаг сумдын бүтцэд дахин томоохон
өөрчлөлт оруулж, Шарангад буюу Дундговь
Аймгийг шинээр байгуулж, Өмнөговь
Аймгийн Сайхан–Овоо зэрэг 8 сумыг
Дундговь аймгийн сум болгон шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 1942 оны 3 сарын 7ны өдрийн Дундговь аймгийн анхдугаар их
хурлын тогтоолд: Сайхан-Овоо сум нь 6 баг, 413 өрх, 1305 хүн амтай, үүнээс
18 хүртэлх насны хүүхэд 331, сонгуулийн эрхтэй 970 хүн, өөр шалтгаанаар эрх
хасагдсан 4 хүн.... хэмээн
Дундговь аймгийн архивын материалд тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл тухайн
үедээ нэлээд олон хүн амтай Засаг захиргааны томоохон нэгж байсныг илтгэн
харуулдаг.
Хоёр
сум нэгдэл нэгдсэнээр нутаг дэвсгэрийн хэмжээ томорч 405,5 мянган га газар
нутагтай болсон төдийгүй хүн ам, мал сүргийн тоо эрс нэмэгдэж, аж ахуйн талаар
ихэд хөгжсөн байна. Сумын
даргын албыг 1923-1928 оныг хүртэл Д.Палаандорж, 1928 оноос 1939 оны
хооронд, Дооровын Жигмэд, Дорж З.Тулга 2 жил, Ц.Жамбадагва, Ёндон,
Цээсүрэнгийн Самбадорж 3 жил нар, 1939-1941 онд Лхамжидын Дашдэлэг,
1941 оноос Жамбалын Дэмбэрэл \занги\ нар тус тус хашиж байжээ. \Жамбалын
Дэмбэрэл нь урьд сумын занги байсан\.
Сайхан-Овоо
сум 2010 оны байдлаар Засаг захиргааны 4-н баг, 702 өрх, 2632
хүн амтай, тэмээ 964, адуу 4967, үхэр 1356, хонь 55958, ямаа 62034, нийт 125279
толгой малтай байсан бол 2021 оны байдлаар Онги, Мааньт, Найз, Төгрөг гэсэн 4
багтай, 684 өрхтэй 2173 хүн амтай болж өрх болон хүн амын тоо буурсан ч малын
тоо өсч 746 тэмээ, 6906 адуу, 2529 үхэр, 65668 хонь, 71751 ямаа, нийт 147600
толгой мал тоолуулсан байна.
Сайхан-Овоо сум нь 405478,0 га нутаг дэвсгэртэй, нийслэл
Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог. Аймагтаа
хамгийн алслагдсан сум юм. Тус сум нь
Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг
сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, Өөрийн аймгийн
Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг.