Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

САЙХАН-ОВОО СУМЫН ТУГ ДАЛБАА, БЭЛЭГ ТЭМДЭГ

       Сайхан-Овоо сумын сүлд: Бэлгэ тэмдэг нь зохимжийн хувьд хэвтээ шугамаар хоёр тэнцүү хэсэгт хуваагдаж байгаа нь тэнгэр газар гэсэн хоёр том дүрслэлийг үүсгэж, мөнх хөх тэнгэр эцэг, хөрст алтан дэлхий эх гэсэн дорно дахины арга билгийн том ойлголтыг бий болгож байна.

Дээд хэсэг дэх тахилгат Төгрөг харйхан уул нь нутгийн өвөрмөц тогтоцтой бахархалт хайрхан гэдгээр орсон төдийгүй гурвалжин сүрлэг бадрангуйн бэлгэдэл болгон оруулсан байна. Доод хэсэгт Онги голыг дүрслэхдээ дэлгэсэн хадаг мэт зохиомжлон мурилзуулсан нь эдийн дээд хадаг мэт нандин шүтээн амин ус гэсэн гол санааг гаргаснаас гадна Сайхан-Овоочуудын зочломтгой найрсаг, сайхан сэтгэлийг бэлгэдэл юм. Хорол хээний дүрсээр тус нутгийн өнө мөнхийн хөгжил хөдөлгөөн, үйлдвэржилтийг үзүүлж, голд нь орших хоёр загасаар үржин дэлгэрэх, өсөн нэмэгдэх утгыг гаргасан байна. Ногоон тал нь элбэг баян зун цагийг бэлгэдэж, хүн малын зоо нуруу тэнгэр байхын билгэдэл ерөөл оршоосон байна. 

       Хүрээний доод хэсэгт тариан түрүүг оруулсан нь элбэг арвин ургац, ургамал ногооны гарц, хүн малын идээ ундаа хангалуун байхын бэлгэдэл юм. Төгрөг хайрхан уул, Онги хатан гол, энгүй ногоон тал энэ бүгд нийлээд ус ургамал тэгш, содон гайхамшигтай, баян тансаг Сайхан-Овоо нутгийг илтгэн харуулж буй юм. 

Сайхан-Овоо сумын туг: Тугийн урт өргөний харьцаа нь 2:1, тугийн хэлийг оролцуулалгүй урт өргөнийг тооцоход 1:1.62 буюу эртнээс Европ төдийгүй Өндөр гэгээн Занабазар хүртэл ашиглаж ирсэн "Алтан огтлол"-ын харьцаатай таарч байгаа юм.