Сайхан-Овоо сум

Дундговь аймаг

Танилцуулга

САЙХАН-ОВОО СУМЫН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР

     Цогт уул. Сайхан-Овоо сумын төвөөс урагш 18-20км, зүүнээс баруун тийшээ хөндлөн тогтсон Шашир, Сайхан-Овоо , Лүваанжалба, Баянцогт, Бумбат, Цорж зэрэг оргилтой салбар уулсыг Цогт уул гэнэ. Эдгээр уулсын дундуур Онгийн гол умраас өмнө рүү хад асгыг зорж, тахирлан мяралзан урсаж, байгалийн үзэсгэлэнг улам чимнэ. Уул биедээ хадархаг, голын хөндийдөө элс хайргатай, тэр дагуудаа сүглэгэр хайлааснуудтай. Ургац бэлчээрийн хувьд агь, гашуун хялгана, таана, хазаар өвс гэхчлэнгийн монгол ургамал элбэгтэй. Цагаан зандан, бургас, бут харгана, бүйлстэй. Усан болон утаат болор, мана, цахиурын төрлийн чулуулагтай. Улаан, хүрэн, цагаан өнгийн шороон будаг бий.

         Төгрөг хайрхан. Сайхан-Овоо сумын нутгийн зүүн хэсэгт Бяруут, Төгрөгийн хонхрын хооронд оршдог далайн төвшнөөс дээш 1546м өндөр оорцог уулыг Төгрөг хайрхан хэмээн нутгийнхан биширч шүтдэг, аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг. Зүүн урдаасаа 100 орчим километр алсаас харагдана.

Орой нь сэтэрхий. Чингис хаан цаана нь халхлагдан нуугдаж байсан дайсныг харвахдаа оройг нь сэт харвасан гэдэг домогтой. Зүүн сугаар нь хуучны харчин өртөөний зам өнгөрч хойд ард нь байдаг Өртөө усны худаг орчим их замын нэг өртөө байрлаж байснаас хол ойрныхрн "Харчин Төгрөг" гэхэд мэддэг. Монгол голцуу шимт ургамалтай говь цагаалж хосолсон идээшлэгт сайхан нутаг.

     


      Ахар уул. Сайхан-Овоо сумын нутгийн баруун урд захад далайн түвшнээс дээш 1696м өндөр, 12 км урт, 8-9км өрнгөн үргэлжилсэн сүрлэг сайхан хангайг Ахар уул гэнэ. Эрт төрмөлийн үеийн хурдас бялхмал суурь чулуулаг, их хувирсан талст занар, болронцор, гантиг, шохойн чулуу, элсэн чулуу, их хурдасны наанги шороо, шавраас тогтсон. Үнэг, хярс, бозлог, аргаль, янгир зэрэг ан амьтантай. Хээрийн бутлаг ургамалтай.

       Булш, хиргисүүр. Монгол Улсын нэрт археологич, эрдэмтэн, доктор Д.Наваан гуайн ахалсан судалгааны баг 1988 оны зун "Замбага хайрхан"-ы баруун мөрөнд малтлага хийж, эртний булшнаас хүний яс болон төрөл бүрийн зүйлсийг нямбайлан гаргаж, эгнүүлэн өрж байхыг Д.Ундрал нүдээр үзэж сонирхож байсан тухайгаа Сайхан-Овоо 90 жил номоос авч энд орууллаа. Уг малтлагаар толгой, аарцагны гэх мэт ясны байдлаар нь 18-21 орчим насны эмэгтэй болох, эдэлж байсан алтан эдлэл зэрэг зүйлсээр нь дээд язгууртан гаралтай, булшнаас гарсан байлдааны хэрэгсэл, энгэрийн толь зэргээр нь баатарлаг эмэгтэй, цээжин тус газраас олдсон 3ш сумны зэвээр шархны улмаас эндсэн хэмээн урьдчилан тогтоож байсан. Мөн эд зүйлс, сумны зэвийг үндэслэн XIII-XIY зууны үед хамаарна.

         Шаазант хотын туурь. Сайхан-Овоо сумаас хойш 31км орчим газарт эртний томоохон хот Өгөөдэй хааны өвлийн шар ордон "Шаазант" хотын туурь болох дөрвөлжин ханан хүрээ бүхий суурин газрын ул мөр тодхон байдаг. Хооноос урагшаа 1100 орчим метр урт, 400 орчим метр өргөн хэмжээтэй нурангин товцогт элдэв төрлийн хятад хийцийн шаазангийн хагархай, чулууг засаж янзалсан баганын суурь, төрөл бүрийн бичигтэй чулуу, мөн гудамласан барилгын суурь байдаг. Эдгээр шаазан эдлэл, сав суулгын хэлтэрхийнүүдийн ихэнх нь "Юань улсын үеийн шаазан" гэж судлаачид үздэг өнгө зүс, шатаалт хийцээрээ өвөрмөц шаазангууд юм. Шаазан хот нь XII-XIII зууны дунд үед хамаарах бөгөөд Өгөөдэй хааны өвлийн ордон байрлаж, аян дайны бэлтгэх хангах гол түшиц газар нь байжээ. 

       Харганын шугуй. Өгөдэй хааны өвлийн ордон байсан Шаазант хотын туурьтай зэргэлдээ 1 км орчим зайтай, Онги голын баруун эрэгт Харганын төгөл гэж нэрлэгддэг 2 метр орчим өндөртэй бутан төгөл бий. Уг төгөл нь хотын туурьтай ойр байрлалтайгаас улбаалан зарим хүмүүс энэ төглийг хотын хэрэгцээний жимсний цэцэрлэг байсан, улаан чавганы бут болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлдэг. Тус төгөл нь ойр тойрондоо ижил үгүй бөгөөд өмхөрч тасарсан, хугарч унасан мөчир нь хөлөөр нэг хөглөрөн байдаг ч нутгийн ард олон тэдгээр мөчир гишүүг авах, түлэх аваас таагүй зүйлс тохиолдоно хэмээн болгоомжилсоор иржээ.

          Баян өдрийн хадны зураг. (МЭӨ-IY-III мянган жил) Сайхан-Овоо сумаас урагш 14 кмт орших үзэсгэлэнт Цогт уулын эртний тахилгат Баян өндөр Хайрханы баруун хойд хэсэг "Тамгат" нэртэй өндрийн орой хэсэгт МЭӨ-IY-III мянган жил буюу хүрэл зэвсгийн үед хамаарах чоно, буга, янгир зэрэг ан амьтны дүрс, буга руу дайрч буй араатны дүрс, мөн ан хийж харваж буй хүний дүрс зэрэг хадны зургууд тод хадгалагдан үлдсэн байдаг.

        Сэнжит хад. Сумын төвөөс урагш 5 орчим км зайтай газар буюу Онгийн голын зүүн эргээс 500-600м зайд Байгаль эхийн өөрийнх нь содон өвөрмөц бүтээлүүдийн нэг Сэнжид хад гэж нэрлэгддэг, олон сая жилийн нар салхины нөлөөгөөр үүссэн ч, зориуд нүхэлсэн мэт босоо хүн багтахаар хадан сэнж бүхий боржин чулуун хадан цохио байдаг. Уг хадыг эртнээс нааш уул хангайдаа сүслэн шүтэж ирсэн нутгийн олон "Сэнжит хайрхан" хэмээн дээдэлж цай сүүнийхээ дээжийг өргөн тахин шүтэж ирсэн. Сэнжит хадны домог: Автай сайн хан говь нутагт ан гөрөө хийж яваад мориноосоо буун уях газах олдсонгүйд ойр буй нэгэн хадыг ташуураар ёврон нүхэлж морио уяснаар сэнжит хад үүссэн домог байдаг.

         



        Ноён хүрэнгийн агуй. Сайхан-Овоо сумаас урагш 16 км Цогт уулын өндөрлөг цэгүүдийн нэг "Ноён хүрэн"-гийн зүүн сугад 10 гаруй метр урттай боржин чулуун агуй байдаг. Уг агуй нь босоо 4-5 м яваад, сууж мөлхөж явсаар мухарт нь хүрэхэд 2-3 хүн багтахуйц хэмжээтэй гэр хэлбэрийн хэсэг байдаг. Тэр хэсгээсээ дээш агаар авах төдий нарийн хадан нүхтэй. Уг агуйн хана зузаан утаа тортогт дарагдан эдгэршсэн байгаагаас үзвэл нэгэн цагт хүн амьдарч байсан нь тодорхой болно. Мөн хэдий үеийнх нь үл мэдэгдэх хүний болон мал амьтны яс нэлээд байдаг.

         Онги гол. Онги голийн сав газар нь Монгол орны төвийн урд хэсэгт байрлах бөгөөд байгалийн бүс бүслүүрийн хээр, хээр тал, говь, цөлийн гэсэн өргөрөгийн 4 бүсийг дамжин орших газар зүйн өвөрмөц онцлогтой. Онги голын сав газрын нутаг дэвсгэрийн 57 орчим хувийг говь, 21 хувийг хээр, 17 хувийг цөл, 4 орчим хувийг ойт хээр, 1 хүрэхгүй хувийг усан сан бүхий газар эзэлдэг. Сав газар нь ерөнхийдөө баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон байрлалтай.

Монгол улсын нутаг дэвсгэр дахь гол мөрөн нь Хойд мөсөн далайн ай сав, Төв азийн гадагш урсгалгүй ай савд хамардаг бөгөөд Онги гол нь Төв азийн гадагш урсгалгүй сав газарт багтана. Хангай нурууны зүүн өвөр хажуугийн далайн төвшнөөс дээш 2570 метр өндөрт орших усны хагалбар Улаан нуруу, Хар хуштын нуруу, Ширээтийн давааны өмнө талаас эх аван усаждаг нийт 72 жижиг гол горхиор тэжээгдэн Хангайн нурунуы Хятруун, Битүүт, Улаан нарийн, Зүүн улаан, Баруун улаан, Бараат чулуут, Цагаанчулуут зэрэг олон жижиг голууд Онги голийн эхийг бүрдүүлэх ба Баруун улаан гол, Шурангийн гол нийлсний дараа Онги гол нэртэй болно. 

Онги голын ус цуглуулах тайлбай 52920 хавтгай дөрвөлжин км бөгөөд сав газар нь Монгол орны төв хэсэгт буюу Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамарна.