Гурвансайхан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ГУРВАНСАЙХАН СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО ТАНИЛЦУУЛГА

 

1924 онд Гучин сум нэртэй байсныг Гурвансайхан сум болгон нэрийг нь өөрчилж Цагаан хошууны Гучин жасын суурин дээр анх байгуулагдсан. 1952 онд тус газраас нүүн одоогийн байгаа Чингийн Суугантад суурьшсан байна. Гурвансайхан сум нь байршлын хувьд аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 кмт оршдог. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 546.057.79 га нутаг дэвсгэртэй, говийн бүсэд багтдаг, сумын хамгийн хойд талын цэг Баянзүрх уул, урд цэг Хэрээ шарга овоо, Зайрмагтайн худаг, зүүн захын цэг Хамар цагаан жаргалан уул, баруун захын цэг Хөөврийн худаг хүрдэг. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан сумуудтай нутгийн хил залгадаг. Сумын нутаг дэвсгэр нь ихэнхдээ жижиг ухаа толгод зонхилох Их газрын чулуу, Гурвансайхан, Ярх, Уул хадаргантай, Чин, Суудал уул зэрэг үзэсгэлэнт газруудтай. 2003 га газрыг улсын тусгай хамгаалалтын газрын дурсгалт газрын ангилалд бүртгэн авсан. 2008 онд Гурвансайхан уул, Тэвшний хяр, Гурвансайхан булаг, Ярх уул зэрэг 64000 га газар нутгийг ховор ан амьтан, эмийн ургамал, чулуун зэвсгийн үеийн олдвор зэргийг харгалзан аймгийн тусгай хамгаалалтад аваад байна.Буянт уул, Билгэх, Эхийн суурин зэрэг газруудыг түүх соёлын онцлогийг харгалзан сумын хамгаалалтанд байдаг. Манай суманд ашигт малтмалын Салхитын мөнгөний орд, Цагаан тээгийн гантиг, Лог үнстийн нүүрс, Гурвансайхан ураны баялаг ордуудтай цаашид хайгуул хийж нөөцийг нь тогтоохоор олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл 9 байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 17 байна. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 299,772 толгой мал тоолуулсан нь өнгөрсөн жилээс 5 төрөл дээрээ 13446 толгойгоор буурсан байна. Үүний дотроос адуу 8959, тэмээ 2288, үхэр 8379, хонь 163702, ямаа 119444 толгойг тоолуулаад байна. Сумын нийт хүн ам 2186. Айл өрх 682 байна. Сумаас оюуны өндөр боловсролтой сэхээтнүүд ихээр төрөн гардаг бөгөөд Улаан эрдэмтэн Б.Банзрагч, Б.Чой До.Чулуунбаатар, До.Цэнджав, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, С.Батмөнх, хошууч генерал У.Содном зэрэг алдартнууд төрөн гарсан. Мөн Монгол улсын сайн малчин Д.Дүгэр, С.Дашцэрэн, Ц.Мөнх-Очир, Т.Дондов, Ц.Пүрэвбаатар, Д.Дашдорж, Улсын аварга тууварчин Ш.Юура нар төрөн гарсан. Энэ Улсын аварга малчнаар Н. Ганхуяг, аймгийн аварга малчнаар Ж. Өлзийбат, Алтан төлийн эзнээр А. Бараахас нар тодорлоо. Энэ жилийн байдлаар 60 мянгат малчинтай. Дундговь аймгийн хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай сум юм. 2010 онд Эрүүл мэндийн төв, 2011 онд 100 хүүхдийн цэцэрлэг, 2014 оноос эхлэн Олон Улсын төсөл хөтөлбөр болон аймаг, сумын ОНХСан, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран 3,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт зэргээр бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн жилүүдэд хийгдсээр байна.Тус суманд төрийн байгууллага-5, төрийн бус байгууллага -5, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.