Дундговь аймаг
Сумын сүлд
Бэлгэдэл нь төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Дэлгэрцогт сумаас төрсөн хамгийн алдартай хүн болох судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, их бага арван ухаанд мэргэшсэн Их бандида Зава Дамдин XV жарны гал туулай жилийн барс сарын шинийн гурванд буюу 1867 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дарцагт уулын өвөрт Цагаан хад хэмээх газар төрсөн бөгөөд түүний төрсөн гэрийн буйран дээр гурван жил дараалан шар цэцэг ургасан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ. Тиймээс хошуу ноён Цэрэндорж буудлаа олохгүй нүүдэллэж явсан Чойрын хийдийг авч явах хүн төржээ хэмээн бэлгэшээн хадаг хүргүүлсэн гэдэг бөгөөд түүнийг хожмоо их хүмүүн болох тэмдэг байсан гэж үздэг. Эл тэмдэг ерөөлөөр энэ нутагт олон эрдэмтэн, мэргэд, лам хуварга, урлаг спортын алдартан төрсөн бөгөөд цаашид ч олноор төрсөөр байхыг бэлгэдэн гэрийн буйран дээр 3 жил шар цэцэг ургасан үйл явдлыг бэлгэдлийн төв хэсэгт дугуй хүрээн дотор хүслийг хангагч чандмань эрдэнэ хэлбэрээр дүрсэлжээ.
Сумын туг
Туг нь 2х1 метрийн харьцаатай хөх шар өнгийн хосолмол байна. Хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг, шар өнгө нь алтан шаргал говио төлөөлөн бэлгэдсэн. Хөх өнгөн дээрээ сүлдээ байршуулсан нь алтан шаргал талдаа адуу малаа өсгөн үржүүлж, хүн ард нь эрүүл энх, аз жаргалтай, урт удаан жаргахын бэлгэдэл юм.