Дундговь аймаг
Дундговь аймгийн Сайнцагаан, Луус, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг сумдад Салхин сэнс, Сэргээгдэх эрчим хүчний төслийн судалгааны ажил хийгдэж байгаа билээ.Тухайн ажил нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 "Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж заасны дагуу Дэлгэрцогт сумын 2022 оны ИТХ-аар "ЮПИСИ Дэлгэрцогт Лэнд Холдингс" ААН-д 5 жилийн хугацаатай судалгаа шинжилгээний зориулалтаар газар ашиглах шийдвэр гаргасан. Энэ газрын ашиглах эрх 2027 онд дуусгавар болох бөгөөд салхин сэнсний нөөц тогтоохоор судалгаа явуулах зориулттай талбай юм. Тухайн хугацаанд зөвхөн байгалийн салхины нөөц тогтоох судалгааны ажил явагдах бөгөөд орон нутаг болон иргэд, малчдад хор хөнөөлгүй газар шороо ухахгүй, сүйтгэхгүй бусад зориулалтаар ашиглахгүй, ашиглалтын хугацаа дуусмагц төрд буцаан өгөх үүрэгтэйгээр судалгааны ажил хийгдэж байгаа болохыг мэдэгдэж байна.Өөрөөр хэлбэл сумын салхины нөөц хэр байгааг тогтоох судалгааны антен 1 ширхгийг 1 га газарт байршуулах бөгөөд үлдсэн газрууд нь тухайн судалгааны хамрагдах бүс гэж ойлгож болно. Уг газрыг гадаадын ААН эзэмшиж, өмчилж аваагүй бөгөөд зөвхөн судалгаа хийхээр ашиглаж буй талбай гэдгийг ойлгох нь чухал юм.Тухайн судалгааны ажил Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 10-р тогтоол, Газар, эзэмшүүлэх, ашиглах төсөл сонгон шалгаруулах журам, зэрэг холбогдох хууль дүрэм журмын дагуу шат шатны шийдвэрийн хүрээнд ажиллаж байгаа бөгөөд тус талбайг эзэмшүүлсэн, худалдсан, өмчлүүлсэн асуудал байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн буруу ташаа мэдээлэлд автахгүй байж холбогдох албаны хүмүүсээс зөв мэдээлэл авч хамтран ажиллахыг хүсье.