Дундговь аймаг
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар энэ хичээлийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэгийн хүүхэд багачуудад “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулан, хичээлийн таван өдрийн гуравт нь 60 грамм сүү өгөх юм. Хүүхэд, багачуудад бага наснаас нь эрүүл, зөв хоол хүнсийг хэрэглүүлж, бие бялдар, эрүүл мэндэд нь хэрэгцээтэй зөв дадал суулгах, кальцийн өдөрт авах хэмжээг нэмэгдүүлэн, ясны сийрэгжилтээс сэргийлэх, хүүхдийн цусан дахь Д витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүү хөтөлбөр”-ийг 2023 оны есдүгээр сарын 1-ээс “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад хэрэгжүүлж эхэлсэн билээ. Дундговь аймагт Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2, 4-р ангийн сурагчдаас түүврээр авсан хоёр удаагийн судалгааны үр дүнд хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага, үүнээс үүдэн кальци, Д амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилттэй, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэх давтамжийн хувь хичээлийн өдрүүдээс бусад өдөрт бага байна гэсэн үр дүн гарсан. Дээрх судалгааг үндэслэн аймгийн Засаг даргын санаачилгаар бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага, кальци, Д аминдэмийн дутагдал их байгааг багасгах зорилгоор сумдын Засаг дарга нар, эцэг эхчүүдийн дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар аймгийн хэмжээний бүх ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад хичээлийн 5 өдрийн 3 өдөр нь нэг удаад 120 грамм сүү өгөх “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хүүхэд бүр эрүүл саруул, эсэн мэнд амьдрах их үйлсийн төлөө хамтдаа энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сумдын Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч, багш нар болон эцэг эхчүүд та бүхэндээ талархал илэрхийлье.