1923 онд Монгол улсын Засгийн газраас Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх тухай гаргасан тогтоолын дагуу Богдхан уулын аймгийн Засаг дарга бээс Мөнх-очирын хошуу гэж байсныг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дэлгэрцогт сум байгуулагджээ. Дэлгэрцогт сум нь 249,3 мянган га газар нутагтай. Дэрэн, Адаацаг, Сайнцагаан сумдтай хил залган оршдог. 199,5 мянган толгой малтай, 1636 хүн амтай. Засаг захиргааны нэгж 3 багтай юм. Тус сумын нутагт Халтар, Цахир, Дэлгэрийн уулнаас гадна далайн төвшнөөс дээш 1756 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт “Бага газрын чулуу”-ны уултай. Аргаль, янгир, үнэг, хярс, тарвага, шонхор, тас зэрэг ан амьтан, жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамлаар баян, нүүрс, утаат болор, хар тугалганы ашигт малтмалын нөөцтэй. Сумын эдийн засгийн бааз суурь нь мал аж ахуй, Дэлгэрцогт суманд аялал жуулчлалын 3 бааз улирлын чанартай ажиллаж байгаа бөгөөд ЗДТГ, 9 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд, МЦХ-ны салбар, ХААН, Төрийн банкны салбарууд, Ширээс хоршоо, үйлчилгээний цэгүүд 10 орчим, худалдаа үйлчилгээний 6 ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Түүхч гүн ухаантан, шашин соёлын нэрт зүтгэлтэн Зава Дамдины өлгий нутаг, Төрийн хошой шагналт ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, ардын хувьсгалын партизан М.Дорждэрэм, Д.Чимэд, Монгол улсын гавьяат багш Ч.Ишдорж, Н.Мижиддорж, Б.Дэндэв, Г.Бизьяажав, Б.Ишцог, И.Пүрэвдорж, Р.Дэлгэрмаа, Д.Уранчимэг, Д.Батсайхан, МУ-ын УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, МУ-ын УГЗ кино найруулагч Ц.Наваан, МУын СГЗ зохиолч, сэтгүүлч Н.Даариймаа, уран барималч Ж.Түвшинжаргал, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Янжин, Я.Дашпагма, МУГЖ Э.Цээдорж, Б.Солонго, Г.Энхжаргал, гавьяат тээвэрчин Б.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Мөнхтогоо, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Дашдорж, С.Дуламсүрэн, МУ-ын тод манлай уяач Ц.Цэрэнбал, МУ-ын алдарт уяач Б.Цэрэндагва, Ц.Хүүхэнбаатар, Л.Дэмбэрэл, Түүхийн ухааны дэд эрдэмтэн М.Бум-аюуш, Б.Доль, Удирдахуйн ухааны доктор Т.Цэрэнпүрэв, Анагаах ухааны доктор И.Пүрэвдорж, Хууль зүйн ухааны доктор академич С.Нарангэрэл, доктор Д.Зүмбэрэллхам, МУ-ын харцага Л.Пүрэвжав, бригадын генерал Г.Болор, МУ-ын үндэсний сурын мэргэн З.Пэрэнлэймаа, шагайн мэргэн Т.Данзандорж нарын зэрэг алдар цуутнууд тус сумаас төрөн гарсан. Төрийн дээд шагналаар 67 хүн шагнагджээ. Улсын сайн малчин 3, Улсын аварга малчин 6, Улсын тэргүүний уран сайханч 10, спортын мастер 16, аймгийн аварга малчин 26, аймгийн алдарт уяач 12, аймгийн аварга саальчин 4 тус тус төрөн гарчээ. Тус сумын ИТХ, ЗДТГ нь Засгийн газар, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн бодлого шийдвэрийг иргэд, олон түмэндээ сурталчлахын зэрэгцээ сум орны тохижилт, бүтээн байгуулалт, байгууллагуудын дотоод жил, бүтэц бүрэлдэхүүнийг стандартын дагуу боловсронгуй болгох, мэргэжил, боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн анхааран ажиллаж байна.