Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийд нь 1917 онд их номч эрдэмтэн лам, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн Шагдарын Дамдин буюу Зава Дамдин гавжийн байгуулж, тухайн үедээ 500 гаруй лам хувраг сууж асан, улмаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон Монголын шарын шашны томоохон хийдүүдийн нэг байв.Дэлгэрийн Чойрын хийдийг анх Манж Чин улсын хаан Энх-Амгалангийн 36 дугаар онд /1697 он/ байгуулсан, 1918 онд Зава Дамдин гавж нутагтаа ирээд Дэлгэр уулын өвөрт нүүлгэн шилжүүлж шинээр төвхнүүлсэн түүхтэй юм байна. Улмаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлт, лам нар, шашин, соёлын өвийг устгах шуурганд өртөж бүрэн устжээ. Тэнд шавилан сууж асан 500 гаруй ламын ихэнх нь буудуулжээ. Үүнээс үлдсэн, тухайн үедээ хүүхэд, залуучууд голдуу байсан цөөн лам нь хожмоо 1970-аад оны үед хийдийн тууринаа нүүж ирж суурьшин нууцаар шашин номын зарим зан үйлийг үйлдсээр 1990 онтой золгосон байна. Шашин, соёлын томоохон газар байсныг гэрчлэх сүмийн тоосго, чулуун тууриуд, сүм дуганы эвдэрхий үлдэгдэл зэрэг нь энд 20 дугаар зууны эхэнд ойр хавийнхаа (Энэ орчмын нутаг нь хуучнаар Дайчинбэйсийн хошуу байжээ) эрдэм соёлын төв байсныг гэрчилж үлджээ.Өнөөгийн Дэлгэрийн Чойрын хийдийг Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодорсон Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа өөрийн багш Гүр Даваа Ринбүчигийн захиас сургаал, даалгаврын дагуу 2004 оноос сэргээн байгуулах ажлыг эхлүүлж, өдгөө Зава Дамдин гэгээнтэнд зориулсан гэрэлт хөшөө, Зарлигаар байгуулсан Соёмбот орон, Манзуширыг баясгах сүм, Бадаргуу цагаан гэрэлт өргөө зэрэг хурал номын сүмүүд, 20 гаруй ламтай, байнгын хурал ном хурж, сүсэгтэн олондоо үйлчилдэг буян номын газар болгожээ.Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, их номч, соён гэгээрүүлэгч Зава Дамдин Лувсандаяан гэгээнтний мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан хийдийн Соёмбот орон сүмийг хамгийн сүүлд 2017 онд байгуулж дуусжээ. Дан чулуугаар барьсан энэхүү сүмд эртний бурхадын баримал, танка зургууд эх хувиараа, мөн хийдийн гол шүтээн Дорж Шүгдэн бурхан залаатай байна. Соёмбот орон бол Дэлгэрийн Чойрын хийдийн төв өргөө бөгөөд Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа энд залардаг ажээ.