Дэрэн сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗАСАГ ЗАХИРГААНЫ БҮТЭЦ

Дэрэн нь Засаг захиргааны хувьд 4 багтай, 362,2 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 210 км-т байрладаг, Төв аймгийн Баянцагаан, Баян-өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-угтаал, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрцогт сумадтай хиллэдэг.  Говь тал хээрийн бүсэд оршдог. Нутгийн ерөнхий байдал говирхуу, гол төлөв жижиг ухаа толгод, тал хонхрууд үргэлжилнэ. Хайлааст, Булаг, Саруул, Давстын говь зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Шохойн чулуу, альбастр, өнгө бүрийн зосон будаг, шавар, давс хужир зэрэг ашигт малтмалуудтай, “Алаг”-ийн зос, ”Ёлын хужир” гэх мэт зос хужрын арвин нөөцтэй. ”Исгэлэн” хэмээх хүний эрүүл мэндэд чухал ач холбогдол бүхий рашаан устай. Нутгийн ихэнх хэсэгт шимт чанар сайтай говирхог ургамлууд таана, хөмүүл,төрөл бүрийн бударгана,бут шаваг, шарилж, дэрс зэрэг мал идэх дуртай олон төрлийн ургамлууд, чихэр өвс, гоёо, цулхир, морин шарилж, цулбуур,цахилдаг зэрэг эмийн ургамлууд ургадаг.