Тус сум анх 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошууны “Дэрэн сум” нэртэй байгуулагдсанаас хойш 90 гаруй жилийн түүхэн хөгжлийг туулаад байна. Сумын анхны даргаар Цэгмэд хэмээх хүн ажиллаж байсан.Сумын төв нь Дундговь аймгийн төвөөс зүүн хойш 68 км, Улаанбаатар хотоос урагш 210 км-т “Цантын уул”-ын энгэрт төвлөрөн суурьшдаг.Сум нь нийт 390,0 мян. га газар нутгийг эзлэн Төв аймгийн Баянцагаан, Баян-өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал,Гурвансайхан,Сайнцагаан, Дэлгэрцогт сумдтай хил залган говь тал хээрийн бүсэд оршдог.Нутгийн ерөнхий байдал говирхуу,гол төлөв жижиг ухаа толгод, тал хонхрууд үргэлжилнэ.
Хайлааст,Булаг, Саруул, Давстын говь зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Шохойн чулуу, альбастр, өнгө бүрийн зосон будаг, шавар, давс хужир зэрэг ашигт малтмалуудтай, “Алаг”-ийн зос, ”Ёлын хужир” гэх мэт зос хужрын арвин нөөцтэй. ”Исгэлэн” хэмээх хүний эрүүл мэндэд чухал ач холбогдол бүхий рашаан устай. Нутгийн ихэнх хэсэгт шимт чанар сайтай говирхог ургамлууд таана, хөмүүл,төрөл бүрийн бударгана,бут шаваг, шарилж, дэрс зэрэг мал идэх дуртай олон төрлийн ургамлууд, чихэр өвс, гоёо, цулхир, морин шарилж, цулбуур,цахилдаг зэрэг эмийн ургамлууд ургадаг. Засаг захиргааны нэгжийн хувьд Алаг-Өндөр, Саруул, Долоод, Бумбат гэсэн 4 багтай, 609 өрхтэй, 320 ххүхдийн суудал бүхий 9 жилийн дунд сургууль, 8 ортой Эрүүл мэндийн төв, 100 хүүхэдтэй хүүхдийн цэцэрлэг, соёлын төв зэрэг төсөвт газрууд , ХААН, Төрийн банкны салбарууд, хувийн мал эмнэлэг зэрэг төрийн өмчийн бус байгууллагууд, “Наран-Хөгцтий”, “Цантын хаяа”, “МНЦ”, ”Эрдэнэцант” "Чандман норовлингаа"ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Сум нийт 2144 хүн амтай ба түүний 30,5% буюу 647 нь 0-15 хүртэл насны хүүхэд, 31,3% буюу 660 нь 15-35 хүртэлх насны залуучууд, 36 ба түүнээс дээш настай нийт 753 иргэн эзэлдэг.Сумын эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр, хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй бөгөөд суманд одоогоор нийт 464 малчин өрх байна.2021 оны жилийн эцсийн байдлаар 212868 толгой малтай, үүнээс тэмээ 1639, адуу 10659, үхэр 5412, хонь 135015, ямаа -125283Төсөвт 5 газарт нийт 103 төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, хувийн хэвшилд 49 иргэн тус тус ажиллаж байна.Сум 1997-онд эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон бөгөөд 2006-оноос үүрэн холбооны мобикомын сүлжээ ашиглалтанд орсон ба одоо скайтел, жи-мобайл, юнител зэрэг бүх сүлжээ ашиглагдаж байгаа ба 2013-онд суманд интернэтийн сүлжээтэй болсон.
2018 онд сумын төвд нэгдсэн халаалтын шугам сүлжээ ашиглалтанд орсон. 2019 онд бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэнээс улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр 320 хүүхдийн хичээлийн байр, 276 сая төгрөгөөр 80 хүүхдийн дотуур байр зассан, халуун усны байрны засвар, гудамж талбайн гэрэлтүүлэг зэрэг ажлууд хийгдсэн.Засгийн газрын “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд суманд гэрийн мод, модон эдлэл, морин хуур үйлдвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлэн сумын брэнд бүтээгдхүүнээр морин хуур, бургасан хана, гүүний айраг тус тус шалгарсан.
Гэрийн мод тооно,хаалга,бургасан хана хийж гэрийн модыг иж бүрнээр үйлдвэрлэдэг ба гэрийн модон эдлэл,эсгий эсгий эдлэлийн үйлдвэрлэлийг голлон эрхэлдэг. Аймагтаа сумын үйлдвэрлэгчдийн бренд бүтээгдхүүнээр иргэн Х Мөнхтайваны үйлдвэрлэсэн төрөл бүрийн гутал, малчин өрхүүдийн боловсруулсан ямааны ааруул шилдэг бүтээгдхүүнээр шалгарч байна.