Дундговь аймаг
Сумын иргэдээс малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн тэр тусмаа айрагны үйлдвэрлэл, чанарт анхаарч адуутай айл бүрийг ширэн хөхүүр ашиглах уриалга гаргах, малын тэжээлийн ургамал тариалж малчдыг хангах талаар бодлого төлөвлөлтөд тусгах, орон нутгийн болон ойрын аймгуудын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг коллеж, дээд сургууль байгуулах, санхүүгийн болмжгүй малчин айл өрхүүдэд бэлчээр хашихад нь дэмжлэг үзүүлэх зэрэг хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байсан нь онцлог байлаа.Аймгийн Засаг дарга сумын ундны 2 худагт ус шүүх шүүлтүүр, цэцэрлэгийн хүүхдүүдийн тав тухтай орчинд сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж ялтсан бойлуур шийдвэрлэж халуун ус ашиглах боломжийг бүрдүүлсэн бол 2022 онд ашиглалтад орсон шинэ соёлын төвд LED дэлгэц тус тус олгохоор шийдвэрлэлээ. Мөн 7 багийн Засаг дарга нарт тус бүрд нь нэг мотоцикль, зөөврийн компьютер, ЗДТГ-т иж бүрэн компьютер тоног төхөөрөмж олгох, цагдаагийн албаны автомашин эд анги муудсанаас ашиглагдахгүй байгааг эд анги худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулах 4.8 сая төгрөгийг тус тус шийдвэрлэлээ.Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат тус сумаас Глобал удирдагч дээд сургуульд суралцаж, мэргэжил ур чадвараа дээшлүүлж буй багш, албан хаагчид орон нутагтаа 3 жил тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн дэмжлэгт хамрагдах боломжтой гэдгийг дурдаад Тайванийн их дээд сургуультай байгуулсан гэрээний дагуу төрийн албан хаагчид, багш нар богино хугацааны сургалтад хамрагдах боломж бүрдэж буйг хэллээ.