Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад багш нарыг багаар нь урамшуулах хөтөлбөр нь үр дүнтэй гэж үзсэн тул энэ онд “Дундговь - Боловсролын чанар” хөтөлбөрийг хэрэгжүүлж, элсэлтийн шалгалтаар тэргүүлсэн багш нар төдийгүй сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын бүх багш нарыг хамруулан, орон нутагтаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нараа дэмжин урамшуулж, улмаар аймгийнхаа сурлагын чанарыг ахиулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулсан, тэдний талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм.
Өнөөдөр баярын хурлын үеэр 2024 онд элсэлтийн ерөнхий шалгалтад багийн оноогоороо улсын дунджаас дээгүүр, судлагдахууны дундаж оноогоороо улсад тэргүүлсэн Монгол хэл, физик, нийгмийн ухааны багш нарыг урамшуулсан юм. Мөн аймгийн хэмжээнд баг бүрдээгүй боловч дундаж оноогоороо улсын дунджаас дээгүүр, өөрийн сургуулийн сүүлийн гурван жилийн дундаж оноог ахиулсан багш нарыг тус тус урамшуулав.
Түүнчлэн орон нутагтаа тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын багш нарын баг, удирдах ажилтны багийг журмын дагуу шалгаруулан нийт 350 сая төгрөгийн урамшуулал олгожээ.