Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Соёлын төв

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Соёлын төв нь анх 1946 онд нутгийн иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагаар орон нутгийн нөөц баялагийг ашиглаж анхны Улаан булан баригджээ.Уг барилгыг барихад Дэлгэрийн Буд, Дэлэгийн Зузаан нарын нутгийн ардууд өөрсдийн сайн дураар 3000-5000 төгрөгийн эд малыг өгч, Б.Санлууз, Д.Цэдэнпэлжээ, Г.Дашням, П.Сандагдорж, Д.Пунцаграш, Д.Лувсандорж, Б.Батжаргал нарын 10 лам барьжээ. Тэр үед нь сумын дарга Ч.Онолт гэдэг хүн байсан ба Улаан буланг ашиглалтанд орсны дараа 1948 онд маршал Х.Чойбалсан ирээд: “ Улсын нийслэлээс зайдуу говь нутагт зөвхөн өөрсдийн хүч хөрөнгөөр соёл урлагийн сайхан сав санаачилж байгуулсан явдал нь сайшаалтай бөгөөд дотор нь их ажил хийх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Тухайн үед клубын эрхлэгч байсан Лувсанданзан, Д.Раднаа нар нь зохиолч Д.Нацагдоржийн “Жаргалыг хүссэн Мөнхөө” зэрэг жүжиг, “Учиртай 3 толгой “ дуулалт жүжиг болон бусад түүхэн жүжгүүдийг тоглуулж байсан байна. Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулж бэлтгэсэн “Саруул талбай” сэдэвт 100 хүний концерт улс аймагт шалгарч 2000 төгрөг, Засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнагдаж байжээ. Соёлын төвийн эрхлэгчээр Лувсанданзан, Д.Раднаа, Жамба, Лувсандорж, Дамдинсүрэн, Доржгочоо, Намхайжанцан, Магвандаш, Цэдэндамба, Н.Сүхбаяр, О.Мядагмаа нар ажиллаж байсан. Кино үйлчилгээг 1940 оноос эхлэн аймгийн баруун сумдыг хариуцан киногоо тэмээнд ачин 7-10 хоногоор явж хөдөөгийн малчид иргэд, хүүхэд, залууст киноны үйлчилгээ хүргэж байсан ба киномеханикчаар О.Хүрэлдорж, Ц.Готов, Ц.Дамдинсүрэн, М.Оросоо, Д.Батжаргал, Ц.Жаргалсайхан нар ажиллаж байсан байна. Номын сан нь анх 1962 онд Т.Базарчүлтэм эрхлэгчтэй 170 гаруй номтой байгуулагдан номын сангийн үйлчилгээ эхэлж байсан ба үүссэн цагаас хойш номын санчаар Доосмаа, Ц.Мядагмаа, Ц, Пүрэв, Ө. Баярмаа, Д.Мөнхдаваа, Б. Оюунчимэг, Б.Гүрбазар, Э.Булган нар ажиллаж байсан. Одоо манай Соёлын төвийн номын сан 4900 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутаг судлах танхим нь анх 1961 онд иргэдийн гар дээр хадгалагдаж байсан түүхэн үзмэрийг цуглуулан 50 гаруй үзмэртэйгээр байгуулагдаж байсан ба одоо 156 дэсийн 308 ширхэг үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төвийн хөгжмийн багшийн орон тоо 1986 оноос бий болж МУСТА, АБТА Ө. Лхамсүрэн багш томилогдон ажиллаж байсан ба 1987-1988 онд С.Оюунчимэг, 1988-1990 онд С. Бямбаа, 1991 онд О. Ариунаа, 1992-1993 онд Б.Эрдэнэбаяр, 1994-2002 онд Б.Мөнхбат, 2002-2003 онд Б. Санжаасүрэн, 2003- 2008 онд Б.Оюунчимэг, Б. Отгон 2008-2012онд, Ш.Мөнх-эрдэнэ 2012-2016 онд, Д.Сүхбаатар 2016-2018 онд, А.Энх-ирээдүй-2018оны 2-р сараас 9-р сар, Б.Адъяацэнд 2018-2022он Б. Гүрбазар 2022онд, Г.Нарантунгалаг-2022оны 6-р сараас 8-р сар хүртэл тус тус ажиллаж байсан. Бүжгийн багшийн орон тоо 1987 онд батлагдан анхны бүжгийн багшаар С. Оюунгэрэл(1987-1990), Б. Дорж (1991), Б. Шинэбаяр (2008-2020), Б. Гүрбазар (2020-2021) нар ажиллаж байсан. Улсын төсвөөр 2020-2021 онд 400 хүний суудал, 45 уншигчийн багтаамжтай шинэ Соёлын төвийн барилга баригдаж дуусаад 2021 оны 12 сарын 01-нд хүлээлгэн өгсөн ба одоо Соёлын төвийн даргаар Ө.Эрдэнэчимэг(2012- одоог хүртэл), номын санчаар О.Солонго, хөгжмийн багшаар Б. Мөнхбат, бүжгийн багшаар Б.Мичидмаа, техникчээр Ш.Мөнх-Эрдэнэ, Соёлын өвийн ажилтанаар Б.Мягмарсүрэн, үйлчлэгч-няраваар Н.Болормаа нар ажиллаж байна. Манай байгууллага нь одоо 400 хүний суудалтай үзэгчдийн танхим, 20 хүний суудалтай номын сан, хөгжмийн болон, жүжигчдийн өрөөтэй орчин үеийн хөгжим техник хэрэгсэлтэй , сумын иргэд, хүүхэд залуучуудад төрөл бүрийн уралдаан тэмцээн, шоу цэнгүүн явуулж, концерт тоглож, кино номоор үйлчилж, эрхлэгч, хөгжмийн багш бүжгийн багш, номын санч,техникч, үйлчлэгч, аж ахуй зэрэг орон тоотой ажил үйлчилгээ явуулж байгаа ба жил бүр урлаг уран сайхан, соёл олон нийтийн 120-130 орчим арга хэмжээ зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 25000-28000 хүнд үйлчилж, өөрийн үйл ажиллагаанаасаа 2.000.000-3,000.000 төгрөгний орлого оруулж байна. Мөн үндэсний хөгжим, бүжиг, дуу, даралтат хөгжим, яруу найраг, хөтлөгчийн дугуйлангууд хичээлээж байна. Жил бүр дугуйлангийн төрөл, сурагчдын тоо нэмэгдэж 167-250 гаруй сурагчид 10 нэр төрлийн дугуйланд хамрагдаж байдаг. Номын сангаар жилдээ 1200-1500 уншигч 2500-2900 номоор үйлчлүүлдэг ба урлаг соёлын үйл ажиллагаанаас гадна өөрийн орон нутагт орших соёлын өв, ТСҮХДЗ-ийг судлах, бүртгэн баримтжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, МУ-ын Засгийн газрын хөтөлбөр, Аймаг, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд соёл урлагийн байгууллагын талаар дэвшүүлсэн зорилт, бусад хууль тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын нийт иргэд өсвөр залуу үеийнхэнд соёл урлагаар үйлчлэх үндэсний ёс заншлаа хамгаалах, дээдлэн хүндэтгэх өвлүүлэн эзэмшүүлэхэд ажлаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн Соёлын төвийн үе үеийн ажилтан албан хаагч, сайн дурын уран сайханч, ардын авъяастнуудаас 14 МУСТА, 15 МУТАА төрсөн байна.