Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

        Их эзэн Чингис хааны 15 дахь үеийн ач Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз  долоон хүүдээ халхын нутгийг 7 хувааж өгснөөр халх 7 хошуу үүссэн түүхтэй. Түүний нэг болох “Говь түшээ гүний хошуу”-ны төв нь Дэлгэрхангай уулын урд энгэрт Мөнх хашаат гэдэг газар 1693 онд төвлөрч “Түшээт хан аймгийн халхын умард замын хошуу” нэртэй байгуулагдснаар тус сумын түүх эхэлдэг.

     Нийгэм төрийн өөрчлөлтийн дагуу хөгжин дэвшиж явсаар 1923 онд шинэ Монгол улсын Засаг захиргааны хуваарилалтаар Дэлгэрхангай уулын хошууг 13 сумтайгаар шинэчлэн байгуулжээ.

       1931 онд ”Дэлгэрхангай уулын хошуу”-ны төв дээр Өмнөговь аймгийн тулгын чулуу тавигдахад Дэлгэрхангай сум нь бусад сумдын хамтаар Өмнөговь аймгийн харъяанд орж явсаар 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад Дундговь аймгийн сум болсон түүхтэй.

Газар зүйн байршил: Дэлгэрхангай сум нь Улаанбаатар хотоос урагш 378 км, Дундговь аймгийн төвөөс баруун урагш 135 км газар оршдог. 2010 оны орон нутгийн нарийвчилсан зурган үзүүлэлтээр 620,000 мянган км.кв газар нутаг гэсэн тоон үзүүлэлт гарсан. Хойд талаараа өөрийн аймгийн Эрдэнэдалай, зүүн талаараа Хулд, урд талаараа Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, баруун талаараа Сайхан-Овоо зэрэг сумтай хил залган оршдог. Хойд хязгаар Баруун даравгайн уснаас урд зах Шинэ ус хүртэл 114 орчим км, баруун зах нь Онгийн гол 1 дүгээр шонгоос зүүн зах нь Алаг овоо хүртэл 90 гаруй км өргөн уудам их газар нутагтай билээ. Сумын төв нь Дэлгэрхангай уулын ард Хашаат хэмээх газар байрладаг.

Газрын гадарга: Тус сумын Дэлгэрхангай уулын оргил нь далайн төвшнээс дээш 1929 м өндөр Хангайн нурууны салбар үзэсгэлэнт сайхан тогтоцтой баруунаас зүүн зүгт 65 гаруй км сунаж тогтсон уул юм. Дэлгэрхангай уул нь Гурван өндөр, Тахилгын өндөр, Модот өндөр Хөх өндөр гэсэн залгаа дөрвөн хэсэг томоохон уулсын бүтэцтэй. Мөн Хул хайрхан, Элгэн, Тэвшийн хяр, Баянгийн хяр, Хонин тээг, Номгон, Улаан хамар, Бор тээг, Зосон тээг гэх зэрэг өндөр нам өвөрмөц сонин тогтоцтой бэсрэг дагуул уулуудтай. Манхан, Хонгор, Өвт, Номгон, Гучин, Хацавч, Хайлаастай, Даага, Далан, Хорхойтын уудам тал хөндий, Төхөм, Улаан тойром, Ширээ-Цагаан ус гэх тогтмол бус тойром бүрдүүдтэй.

Уур амьсгал: Эх газрын эрс тэс уур амьсгалтай учир хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй агаарын дундаж бага температур нь 1-р сард-200С, дундаж их температур нь 7-р сард 250С байдаг ба жилд дундажаар 80 мм орчим чийг унадаг байна. Тус сум нь говийн бүс хангайн бүсийн дунд оршдог. Өвөлдөө 20-35 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халдаг. Хавартаа салхи их шуурдаг бөгөөд 5-25м/сек хүрдэг.

Гол горхи булаг шанд Сумын нутаг дэвсгэрт

  • Толийн булаг
  • Элэгний булаг
  • Дэнгийн булаг
  • Гурван булаг
  • Гуулин
  • Жаргалант
  • Баруун элгэн 
  • Ар булаг
  • Хангийн булаг зэрэг ундарга тогтмол булгуудтай ба Харганын аман ус, Элстэйн шанд зэрэг нутгийн иргэд рашаан
хайрлаж хамгаалж ирсэн. тус сумын нутгаар Онги гол 13 км газраар дайран урсдаг. Ан амьтан Нутгийн онцлог тогтоц хөрс, ус ургамлын төрхийг дагаж ан амьтны төрөл зүйл элбэг. Тухайлбал:

Ховор ан амьтаны төрөлд: Аргаль, Янгир,зэрэг амьтан байдаг.

Агнуурын ам амьтаны төрөлд: Хар сүүлт зээр, Цагаан зээр, үнэг хярс, туулай мануул, дорго зэрэг амьтадтай бүргэд, элээ, шар шувуу, ятуу, хойлог, ногтруу, бор шувуу тагтаа зэрэг төрөл зүйлийн шувуудтай. 
Дэлгэрхангай уулынхаа ар хэсэг буюу хойд талаараа: говь тал хээрийн Агь, ерхөг, таана хүмүүл, лууль, шарилж, монгол, хазаар, бут, буйлс, харгана, бударгана, дэрс зэрэг ургамал зонхилон ургадаг.

Уулын өвөр хэсгийн нутагтаа: говийн ургамал буюу бударгана, баглуур, шаваг, зулзган заг, таана хөмүүл, зэрэг ургамал зонхилон ургадаг.

Нутгийн зарим хэсэгт: хонин зээргэнэ, улаан ортууз, цагаан ортууз, цулбуур цахилдаг, гоёо, гишүүнэ зэрэг эмийн ховор ургамал байдаг.

Байгалийн баялаг: Тус сумын нутагт олон жилийн нөөц тогтоогдсон барилгын материалын төрөлд ордог Гөлтгөнө, шохойн чулуу гэх байгалийн баялаг элбэгтэй. Мөн хужир шүү, зос, элс, хайрга зэрэг байгалийн түгээмэл баялагтай. Гөлтгөнө олборлох үйл ажиллагааг 6 ААН хийж гүйцэтгэж байна.

Түүхт соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар: Тус суманд Баруун Элгэний бичигт хад, Толийн гүн ус, Хар хашаатын ам, Хачигт, Харганы хадны сүг зургууд, Гэр овоогийн хүннүгийн булш, Хан хүрээгийн үе үеийн хаадын булш, Хүрэн зараа, Уст зараагийн булш хирэгсүүрүүд, Хул хайрхан, Тэвш, Зосон тээг, Гоожонхой тээгийн агуйнууд, Онгийн голын эрэгт оршдог. Хошуу хийдийн туурь, Ралхын жасын туурь, Ноёны хошуу тамгын газрын шахаа хад, Уст зараагийн хүн чулуу зэрэг түүх дурсгалын газрууд олон байдаг ба Хацавч, Хайлаастын ам, Алтан тэвш, Оргын шивээ, Орго дамбын шанд, Дэлгэрхангай уул, Яргайтын ам, Онгийн голын хөвөө зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олон байдаг.

      Хүрэн хайрханы бичигт хад Дэлгэрхангай сумын Таргат багийн нутаг сумын төвөөс 34км зайд орших Баруун элгэний бичигт хад нь 5 орчим метр өндөр хадан цохионы энгэрт 252 ханз үсэг 20н мөр бичиг эртний зүүн хан улсын үеийн ханз бичиг сийлэн үлдээсэн бичигт хад юм. Тусгай хамгаалалтад байдаг газар нутаг Улсын их хурлын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04 тоот улсын тусгай хамгаалалтын нөөц газрын ангиллаар Дэлгэрхангай уул бүртгэгдсэн, аймгийн тахилгатай уул билээ. Мөн сумын Хул хайрхан, Толь булаг, Хан хүрээ гэх газрууд нь орон нутгийн хамгаалалтад авсан. Дэлгэрхангай уул, Хул хайрхан уулаа жил бүр нутгийн ард иргэд хамтран тахиж шүтэж ирсэн түүхтэй. Түүхэн үйл явдал болсон газар Тус сумын 2 дугаар багийн нутагт Хул хайрхан уулын хойд хэсэгт урт цав нэртэй газарт Өгөөдэй хаан өөрийн эр цэргүүдтэйгээ ан гөрөө хийж яваад зуурдаар тэнгэрт хальсан түүх байдаг.

     Хошуу хурлын хийд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэг, Сайхан-Овоо уулын энгэрт байх туурь юм. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Оргил үедээ 1000 гаруй лам хуврагтай, Халхын томоохон сүм хийдийн нэг байсан тус хийдийн туурь Сайхан-Овоо сумын төвөөс өмнө зүгт 18 км зайд оршино. Тус хийдээс 15 км зайтай, мөн Онгийн голын эрэг дагуу "Хошуу хурлын хийд" хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрийн Хутагт ламын хийд, зүүн жигүүрийн Хамба Дамцагдоржийн хийдүүдийг хамтад нь "Онгийн гурван хийд" гэж нэрлэж байжээ.

СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, засаг захиргааны 4 баг, ЕББДСургууль, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсвийн байгууллагууд, 3 хувийн мал эмнэлэг, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 25 хоршоо компани, ХААН, Төрийн банк зэрэг арилжааны банкууд, шатахуун түгээх станц 2, шуудан холбооны салбар, ЦТССалбар зэрэг аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Төвийн эрчим хүчний системд 2003 онд, Мобиком, Юнитель, Жи-мобайл үүрэн холбооны сүлжээнд тус тус холбогдсон. Төсвийн болон зарим ААН-д хамрагдсан төвлөрсөн халаалтын шугамд 2020 онд холбогдсон. Сумын алдартан гавъяатнууд Тус сумаас Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэж явсан Монгол улсын түр Засгийн газрын тэргүүн сайд, Сангийн яамны анхны сайд Түшээт Чин Ван Гааданбалын Чагдаржав, Улсын Баатар Ж.Сэрээтэр, Дэлгэрхангай уулын хошууны анхны дарга М.Өлзийноров, ХТАЗ Дэлгэрийн Бямбаа, Алдарт гавъяат уран зохиолч С.Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин Г.Хайдав, Ардын зураач С.Доржпалам, Төрийн шагналт Ардын уран зохиолч С.Дашдооров, Төрийн шагналт Соёлын гавъяат зүтгэлтэн Д. Батбаяр, Урлагийн гавъяат зүтгэлтэн О.Уртнасан, Хөдөлмөрийн баатар Ж.Жагварал, Д.Баттөр, Гавъяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Г.Батсүх, Д.Батсүх, Ж.Нансалмаа, Ю.Цэрмаа, Д.Цэнд-Аюуш, Х.Төмөрбаатар, С.Цогтсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Байды, Х.Отгон, Малын гавъяат эмч С.Бямбаа, Хүний гавъяат эмч Б.Хас, Л.Эрдэнэбаяр, Гавъяат тээвэрчин Ю.Идэрчулуун. Үйлчилгээний гавъяат ажилтан Г.Хайсандай, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Долгорцэнд, Улсын сайн малчин Ж.Долгор, С.Цэгмид, Б.Алим, Улсын аварга малчин М.Дэмбэрэл, С.Жамъяндорж, Г.Чагцал, С.Хумбаа, Б.Цэрэн, Ч.Бадраа, Улсын аварга малын эмч Х.Цэдэвдорж, Улсын залуу аварга малчин Д.Оюунцэцэг нарын урлаг соёл, хөдөлмөрийн олон гавъяат, төр нийгмийн зүтгэлтэн төрөн гарсан.