Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ- СЕЙЁО ХОТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

          Япон улсын Эхиме мужийн Сейёо хоттой хамтын ажиллагааг эрчимжүүлэх туршлага судлах чиглэлээр Дундговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 12,13-ны өдрүүдэд тус хотод албан ёсны айлчлал хийлээ.


       

          Сейёо хотын дарга болон холбогдох албан тушаалтнууд 2023 онд буюу Дундговь аймгийн 81 жилийн ойн баярын үеэр манай аймагт ажиллаж байсан юм. Япон улсын Эхиме мужийн Сейёо хотод хийсэн айлчлалын үеэр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сейёо хотын дарга Kazuo Kanke болон тус хотын удирдлагуудад хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь яригдсан хоёр талын соёл, уламжлалыг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах,  хүний нөөцийг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг Япон Улсад дадлагажих хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл тал дээр туршлага судлах, хамтран ажиллах чиглэлээр илүү дэлгэрэнгүй санал тавьсан юм.

     

       Мөн айлчлалын бүрэлдэхүүн хөтөлбөрийн дагуу тус хотын хүлэмжийн аж ахуй, жүржийн тариалалт, жүржийн шүүсний үйлдвэр, хүр хорхойн торгоны үйлдвэр, таримал сувдын үйлдвэр мөн тус хотын эртний түүхт соёлын газруудыг үзэж сонирхжээ. Айлчлалын үеэр 2 тал харилцан санал солилцон дараах үр дүнд хүрлээ. Үүнд:- Дундговь аймгийн соёл, урлагийг сурталчлах өдрүүдийг Дундговь аймгийн урлагийн салбарын 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 11 дүгээр сард тус хотод зохион байгуулахаар болж цаашид хоёр талын соёл, уламжлалыг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах,- Хоёр талын хүүхэд залуучуудын харилцааг сайжруулах зорилгоор Япон улсын сумо бөх болон Монгол үндэсний бөхийг харилцан сурталчлах эвент зохион байгуулах, homesday 7 хоногийг зохион байгуулах,- “Дундговь аймаг, Эхиме мужийн Сейёо хот хоорондын найрамдлын төгөл”-ийг 5 га-аар нэмэгдүүлэх цаашид арчлах зардлыг шийдвэрлэх,- Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийг туршлага судлах боломжийг хангах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хүрээнд дараагийн түвшинд хүрсэн байна.