Аймгийн тухай

Засаг захиргаа

Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 68 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.       Газрын гадарга, хөрсний бүтэц: Аймгийн нутаг дэвсгэрийн хилийн тойрог 1230 км, нутгийн баруун цэг Гучингийн худгаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км, хойд цэг Ус хар толгойгоос урд цэг Өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтдаг. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. Тус аймгийн нутагт уулын хөрс /хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн/ маш бага хувийг эзэлж Адаацагийн хойд тал, Бага газрын чулуу, Угтаалын уул, Их газрын чулуу орчимд тархсан. Нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын /хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн бор/ хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн /цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс/ хөрс тархсан.