Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ- СЕЙЁО ХОТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

           Япон Улсын Эхиме мужийн Сейёо хотын дарга Казуо Канке тэргүүтэй төлөөлөгчид аймгийн Засаг даргын урилгаар Дундговь аймаг байгуулагдсаны 81 жилийн баяр наадмын өдрүүдэд Дундговь аймагт айлчилсан.



         Энэхүү айлчлалын үеэр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, туршлага судлах, Сейёо хотын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, сайн туршлагыг Дундговь аймагт нэвтрүүлэх, цөлжилтийг бууруулж шар шороон шуургатай тэмцэх, хүний нөөцийг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг Япон Улсад дадлагажих хөтөлбөрт хамруулах, магистр, докторын зэрэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, ногоон хөгжил, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр талын соёл, уламжлалыг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлэх саналаа илэрхийлсэн.Сейёо хотын дарга Казуо Канке дээрх чиглэлд хамтран ажиллахад санал нэгдэж буйгаа илэрхийлсэн бөгөөд цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгааг онцолсон юм.



         Мөн “Дундговь аймаг, Эхиме муж хоорондын найрамдлын төгөл”-ийг байгуулан мод тарьсан бөгөөд цаашид тус төгөлийг хоёр талын дэмжлэгээр улам өргөжүүлэн суулгацын тоог нэмэгдүүлэх юм. Айлчлалын үр дүнд талууд салбар бүрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаар санал нэгдсэн байна.