БНХАУ-ын Шанси мужийн Тайюань хотод ногоон ирээдүйн төлөө хүлэмжийн хийг бууруулах, ухаалаг эрчим хүчийг хөгжүүлэх зорилго дор олон улсын форум, дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдав.
Дэлхийн 34 орны зочид төлөөлөгчид оролцсон энэхүү форумд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тавьсан илтгэлдээ тус мужтай найрамдлын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэл мөн даяарчлалын үр нөлөөг даван туулахад дэлхийн улс орнуудын нөхөрсөг харилцаа чухал гэдгийг дурдаад төлөөлөгчдөд баяр хүргэж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү форум нь эхний жилүүдэд Шанси мужын хүрээнд зохион байгуулагдаж байсан бол 2019 оноос олон улсын арга хэмжээ болон өргөжсөнөөр Дундговь аймаг нь тус мужтай хамтын ажиллагааны хүрээнд Шанси мужийн удирдлагын урилгаар оролцож байна.Форумын нээлтэд БНХАУ, Австрали, АНУ, Ямайка, Тайланд, Унгар, Итали, Айсланд, Франц, Мексико, Малайз, Өмнөд Африк зэрэг олон улсын өндөр албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлж, хүлэмжийн хийг бууруулах, орчин үеийн технологийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа, ойлголцол чухал болохыг тэмдэглэж, ухаалаг, ногоон эрчим хүч ба сэтгэл ханамжтай ирээдүйг бий болгоход харилцаа хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгож буй чухал үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.Мөн нар, салхи, цөмийн болон ус төрөгчийн энерги, дулааны насос зэрэг цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтууд дээр тулгуурлах хэрэгтэйг онцлоод тогтвортой эко системийн гол хүчин зүйл нь эрчим хүч, стратегийн дэд бүтэц, стратегийн ашигт малтмал, хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой талаар олон улсын төлөөлөгчид дурдаж байлаа.Форумын үеэр Шанси мужтай Найрамдлын харилцаатай 50 гаруй орны төлөөлөгчдийг оролцуулсан салбар хуралдаан зохион байгуулж, эдийн засаг, нийгэм, боловсрол, газар тариалан, соёлын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсон хүчнийг чадавхжуулах солилцоог өргөжүүлэх талаар орон орны төлөөлөгчид санал солилцсон юм.
Шанси муж нь 35 сая гаруй хүн амтай, эрчим хүч, аж үйлдвэр, газар тариалан, нүүрсний нөөцөөрөө улсдаа дээгүүрт ордог томоохон муж улс бөгөөд Дундговь аймаг 2016 оны 05 дугаар сараас эхлэн гадаад харилцааны хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Айлчлалын үеэр тус мужийн Засгийн газраас харэгжүүлж буй төсөлд хамрагдсан газар тариалан эрхлэгчидтэй уулзан, туршлага судаллаа. Тус аж ахуй нь хоршооны зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 100га газрыг Засгийн газраас нь шийдвэрлэн аж ахуй эрхлэгчдийг нэгдсэн журмаар тогтвортой хөгжүүлэх бодлого баримталдаг ба 1 хүлэмжээс жилдээ 15000 долларын ашигтай ажилладаг талаар аж ахуй эрхлэгчид дурдаж байлаа. Уг талбайд 90/13 метрийн харьцаатай 1 хүлэмжийг 32000 долларын хөрөнгөөр барьж ашиглалтад оруулдаг байна.