Удахгүй болох “Хуульчдын өдөр”-ийг угтан аймгийн ЗДТГ-ын Хууль Эрх Зүйн Хэлтэс, Монголын хуульчдын холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Хууль Эрх Зүйн Хэлтэс, Монголын хуульчдын холбооны Дундговь аймаг дахь салбар, Сум дундын 11 дүгээр шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь мэргэжилтэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд идэвхитэй оролцож иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа. Тухайлбал иргэд шинээр үйлчилж байгаа хууль тогтоомж болон шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар зөвлөгөө авч байлаа. 7-р сараас хэрэгжиж эхлэх Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Зөрчлийн тухай хуулиудын гарын авлага тарааж, өмгөөлөгч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.
Мөн энэ үеэр Цагдаагийн албан хаагчид бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолтыг сонирхуулж, иргэдийн дунд АХА тэмцээн зохион явагдлаа.