Хүнс, хөдөө, аж ахуйн газар. Дундговь аймагт 2016-2020 онд дэвшүүлсэн "Монгол улсын тогтвортой хөгжил-2030" бодлогын баримт бичгийн зорилтын хүрээнд Аялал жуулчлалын салбарт зохион байгуулагдах ажлын нэг хэсэг болох "Хотод ойрхон говь" эвент арга хэмжээ "Их говийн тэмээ-2019" тэмээн сүргийн баярыг байгалын үзэсгэлэнт газар болох Өлзийт сумын нутаг Цагаан суваргад зохион байгууллаа. Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Биеийн тамир, спортын газар, "Говийн шуранхай" аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Тэмээн сүргийн баярын үеэр Их говийн тэмээчдийн дунд Бүдүүн тэмээний уралдаан, Торомны уралдаан, Ганган хос шалгаруулах тэмцээн, Буйл Бурантаг томох тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүд болжээ.
Бүдүүн тэмээний уралдаанд Нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын А.Цогтбаярын Хар тэмээ, Хоёрдугаар байрт мөн сумын Д.Алдарсайханы Улаан тэмээ, Гуравдугаар байрт мөн сумын С.Эрдэнэначингийн Ногоон тэмээ орсон бол Торомны уралдаанд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Д.Алдарсайханы Шар, Хоёрдугаар байрт Цогт-Овоо сумын Б.Буянжаргалын шар, 3-р байрт мөн сумын С.Эрдэнэначингийн Ногоон торомнууд шалгарсан байна.
Мөн "Ганган хос" шалгаруулах тэмцээний Тэргүүн байрт Дундговь аймгийн Өлзийт сумын Д.Мөнхбаатар, н.Өлзийням нарын хос, Дэд байрт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын н.Баярбаатар, н.Бямбасүрэн нарын хос шалгарчээ. Тус арга хэмжээг Солонгос, Испани зэрэг орнуудын жуулчид үзэж сонирхсон нь Дундговь аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд түлхэц болохуйц үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө хэмээн албаны хүмүүс онцолсон аж.