Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сонсох” өдөрлөгийг өнөөдөр Хүүхдийн паркийн талбайд зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Хүүхдээ сонсох өдрийн хүрээнд, ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохиогдож буй тус арга хэмжээнд 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр авъяаслаг бяцхан хүүхдүүд урлагийн тоглолт сонирхуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сонсох хэлэлцүүлэг өрнөж, хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бэлэг гардуулж, паркийн тоглоомын талбайд тоглууллаа. Хэлэлцүүлгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний асран халамжлагчдын дунд явуулсан бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх түвшний хүмүүст хүргэх, хэлэлцүүлгээр гарсан санал санаачилгыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэн ажиллах юм.