Мэдээ, мэдээлэл

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭЛХИЙН ТҮВШИНД ГАРГАНА

Шүүхийн шинжилгээний алба. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)- гийн захирал, бригадын генерал Д.Батжаргалтай ярилцлаа. Ирэх гурван жил тус байгууллага түүхэндээ байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийж, шинэ барилгатай болохын зэрэгцээ тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх юм байна.

-ШШҮХ хэчнээн лабораторитой вэ. Хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй баримтуудыг мэргэжлийн түвшинд шинжилж чадаж байна уу?

-Шүүхийн шинжилгээний байгууллага нь өвөрмөц онцлогтой, амаргүй алба. Эрүү, иргэн, захиргааны гээд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газраас нотлох баримт илрүүлж бэхжүүлэх, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийхээс авхуулаад криминалистик, шүүх эмнэлэг, эдийн засгийн шинжилгээ хийдэг. Жилдээ 65-68 мянга орчим шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж байна. Манай хүрээлэн галт зэвсэг, гарын мөр, бичиг судлал, гэрэл зураг, дүрс бичлэг, автотехник, ДНХ, хими, физик, биологи, эд эсийн шинжилгээний лабораторитой.

Мөн эдийн засгийн шинжилгээ хийдэг мэргэшсэн нягтлан бодогчид ажилладаг. Тусгай шинжилгээ бас хийнэ. Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжилгээг улс даяар хийж байна. Шүүх эмнэлэг дотроо гэмтлийн зэрэг тогтоох, задлан шинжилгээ, нас тогтоох, бэлгийн хүчирхийлэлд өртсөн маргааныг шийдэх зэрэг шинжилгээ хийдэг. Тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлэхийн тулд объектыг мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг. Урьдчилсан дүгнэлт гэж ерөөсөө гаргадаггүй. Мөн гаднын нөлөөтэй, нөлөөгүй болохыг шүүхийн шинжилгээгээр тогтоохгүй харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоодог.

-Лабораториудын үйл ажиллагаатай танилцахдаа хүн хүч ихээхэн дутмаг юм гэж харлаа.

-Хүн амын тоо, гарч буй гэмт хэргийн байдал, төрөл, газар нутгийн хэмжээнээс хамааран 2005, 2007, 2009, 2011 онд тухайн цаг үеийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн манай байгууллагын орон тоог нэмсэн. Одоогийн байдлаар 2011 онд тогтоосон 514 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд хот суурин газарт хүн амын нягтрал ихсэж, үүнээс улбаалаад гэмт хэргийн гаралт өссөн. Тодруулбал, барилга байгууламж, газрын харилцаа, уул уурхай, экологи, хүнсний аюулгүй байдал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, автотехник, кибер, дуу авиа, дүрс бичлэгийн зэрэг шинэ төрлийн шинжилгээ хийх хэрэгцээ нэмэгдсэн.

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын одоогийн орон тоог 1978 онд 40 000 хүнд нэг шинжээч эмч байхаар тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хот 560 орчим мянган хүн амтай байсныг жишин үзэж шинжээч эмчийн орон тоог баталсан юм. Одоо нийслэл 1.4 сая орчим хүнтэй болж үүнтэй уялдан шүүх эмнэлгийн шинжилгээний тоо жил бүр 3-5 хувиар өссөн үзүүлэлттэй, ажлын ачаалал эрс нэмэгдсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт Цагдаагийн гурван хэлтэс, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Цагдаагийн хоёр хэлтэс 2013 онд шинээр байгуулсан. Гэтэл нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын дүүргүүд дэх криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн орон тоог шийдэлгүй орхисон. Өнөөдрийг хүртэл 2011 онд баталсан орон тоогоороо ажиллаж байна. Цаашид шинээр хийх шинжилгээний цар хүрээ, ажлын ачааллыг улс, нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулахын тулд орон тоог маань 450 алба хаагчаар нэмэх шаардлагатай гэх тооцоо гарсан.

Эхний ээлжид нэн шаардлагатай байгаа 125 орон тоог нэмэх саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газар, салбарын яамнаас Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах зорилго тавьсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд эхний ээлжид орон тоог 38-аар нэмэх саналаа Сангийн сайдад уламжилсан.

-ШШҮХ-гийн шинжээч нарын гаргасан дүгнэлт хуудуутай гэх шүүмжлэл их байдаг. Энэ нь батлагдсан тохиолдолд хариуцлага тооцож чадаж байна уу?

-Шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусдын нөлөөнд автахгүй, хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж шинжилгээ хийх үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15.1.5-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэхийг хориглоно” гэж заасны дагуу хариуг нийтэд мэдээлдэггүй. Тухайлсан хэрэг дээр ажиллаж байгаа шинжээчийг вакумжуулах шаардлагатай. Энэ ажил үндсэндээ хэрэгжиж эхэлсэн.

Хэнд ч мэдэгдэхгүй, нэр гарахгүй, кодтой болговол шинжээч бусдын нөлөөнд орох боломжгүй болж, хардлагаас ангижирна. Өөрөө хэлбэл, шинжлэх зүйл кодтой орж ирдэг болно. Ингэхээр хохирогч, хэргийн холбогдогч нар шинжээчтэй холбогдох боломжгүй болох юм. Манай байгууллага 2016 онд 68525, 2017 онд 65525, 2018 онд 68624, 2019 оны эхний есөн сард 54355 гээд нийт 257029 шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Сүүлийн дөрвөн жилд хэл ам дагуулсан дүгнэлт 5-6 л гарсан байдаг. Энэ нь нийт хэргийн 0.001 хувь. Гэхдээ олны анхаарлыг татсан, маргаантай хэргүүдийг манай шинжээч нарын дүгнэлтээр шийдэж ирсэн. Сүүлийн зургаан жилд шинжилгээ 20 000 орчмоор өссөн.

Шинжээч, мэргэжилтэн өөрийн мэдлэг чадварын хэмжээнд дүгнэлт гаргадаг. Ажлаа тултал нь сайн хийсэн ч мэдлэг чадвар дутсанаас алдаа гарах нь бий. Мөн ажлын ачаалал, цаг хугацаа ч шинжилгээнд нөлөөлдөг. Хэрэг гарсан даруйд хүнээс авсан цусны шинжилгээний хариу 10 цагийн дараа авсан цуснаас өөр гарна. Нэг хоногийн дараа баталгаажуулах шинжилгээ хийхэд мөн л өөр дүн гардаг талтай. Зарим үед шинжилгээний объект бүрэн гүйцэд орж ирдэггүй. Энэ мэт бэрхшээл бий. Зарим шинжээч ажлаа хариуцлагагүй хийж, асуудал гаргасан нь үнэн. Тэдэнд арга хэмжээ авсан. Шинжээчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж буй явдал ч бий. Гэхдээ дээр хэлсэнчлэн маргаантай дүгнэлт 0.001 хувиас хэтрээгүй.

-Лабораторийн эрхлэгч нарын хэлснээр тоног төхөөрөмж муутай бололтой.

-Манай лаборатори дэлхийн хэмжээнд гологдоно. ДНХ-гийн лабораторийн тоног төхөөрөмж элэгдэлд орсон. Сайжруулахаар ажиллаж байна. Тоног төхөөрөмжөө шинэчлэхээр жил бүр төсөвт оруулдаг ч хасагддаг. Өчигдөр ОХУ-аас гарын мөр шинжилдэг мэргэжилтнүүд ирсэн. Тэд Засгийн газрын зарим гишүүнтэй уулзах юм. Бид хуучин тоног төхөөрөмжөө засаж сэлбээд ажиллаж л байна. Тоног төхөөрөмж хуучирсан хэдий ч дэлхийд хэрэглэдэг систем. Үүнийг шинэчлэхээр санхүүжилт хайж, судалж буй. Үүнээс гадна дөрвөн том лабораторио шинэчлэхээр БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагад хандаж, тэд нааштай хариу ирүүллээ.

Энэ дагуу ДНХ, дижитал, мансууруулах бодис, бичиг баримтын лабораторио шинэчлэхээр болсон. Долоон сая ам.долларын буцалтгүй санхүүжилт үзүүлэх юм. Төсөл 2020-2023 онд хэрэгжинэ. Аравдугаар сарын 13- 19-нд тус улсын мэргэжилтнүүд манайд ирж ажиллана. Товчхондоо БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл, мөн БНСУ-ын КОИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар Шүүхийн шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Танайх хэдэн оноос хойш техникийн шинэчлэл хийгээгүй юм бэ?

-Хар тамхи шинжлэх нэг сайн төхөөрөмж өнгөрсөн жил авсан. Гэхдээ цаашид лабораторийн хэмжээнд шинэчилнэ. 2003 онд үйлдвэрлэсэн ДНХ-гийн аппаратыг 2012 онд худалдаж авсан юм билээ. Одоо цоо шинэ аппарат, лабораторитой нь оруулж ирнэ. Хаалга, цоож, гэрэл чийдэн, ариутгалын бодис, хөргөлттэйгөө бүх зүйлийг цогцоор нь шинэчлэх юм. Өөрөөр хэлбэл, төсөл 2020 оноос хэрэгжих юм чинь 2020 оны шинэ төхөөрөмж авна. Төсөл амжилттай хэрэгжүүлснээр шинжилгээний чанар, үр дүн дээшилнэ. Энэ утгаараа лаборотори маш өндөр өртгөөр бүтнэ. Жишээ нь, Монголд зам тээврийн осол их гардаг. Тэгвэл цаашид автотехникийн шинжилгээний лабораторийг шинэчлэхээр төлөвлөж байна.

Үүнийг дагаад Монгол Улсын бүх автомашин хар хайрцаг, камертай болох шаардлагатай. Үр дүнд нь хэрэг зөрчил цөөрч, жолооч нар сахилга баттай болно. Маргаангүйгээр хэргийн шалтгаан нөхцөл шуурхай тодорно. Улсын хэмжээнд том өөрчлөлт гарах болов уу. Мөн ДНХ-гийн сан бүрдүүлнэ. Энэ нь гэмт хэрэг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Таны, миний ДНХ хамаатнуудынхтайгаа ойролцоо. Тиймээс сэжигтнийг хайх хүрээлэл хумигдана. Тухайн хүнтэй хамааралтай хүмүүсийг хайна гэсэн үг. Мөн үүнийг дагаад шинжээч нараа давтан сургаж, орчин цагийн шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчинтэй болно.

-Шинэ техник, тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүд байхгүй хэрэг үү?

-Энэ төслийн хүрээнд одоогийн байдлаар гурван шинжээч БНСУ-д сургалтад хамрагдаад байна. Бид “Инфинити” сургалтын төвтэй гэрээ байгуулж, албан хаагчдаа англи, солонгос хэлний бэлтгэлд хамруулж байгаа. Мөн лабораториудаа бүхэлд нь байгуулсны дараа гадаадын сургалтууд эхэлнэ.

-Барилгаа шинэчлэхээр болсон гэсэн. Хотын төвд цогцос хадгалах байгууллага байгаа нь иргэдийг их бухимдуулдаг шүү дээ.

-Шүүх эмнэлгийн барилгыг 1972 онд барьсан. Засаад л ашиглаж байна. Барилгаа шинэчлэхээр ажиллаж байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний лаборатори болон цогцос хадгалах барилга барих газрыг шийдсэн. Хотын баруун талд нисэхийн ойролцоо Архивын ерөнхий газрын дэргэд барихаар болсон. Зураг төсөл, ТЭЗҮ батлагдсан. 2016 оноос хөөцөлдөөд 2018 оны аравдугаар сарын 18-нд газрын гэрчилгээгээ авсан. Техникийн нөхцөлийн зөвшөөрөл өнгөрсөн сарын 13-нд гарлаа. Шинэ барилга хүний хэрэгцээг бүрэн хангасан чанартай байх ёстой.

Барилгаа эхлүүлэхэд санхүүжилт хэрэгтэй болно. Улс шийдэхэд хүндрэлтэй тул БНСУ-ын Экспорт, импортын банкны хөнгөлөлттэй зээлээр барилга барихаар болж байна. Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар энэ асуудлыг нэлээд хөөцөлдсөн. Бид ч хичээсэн. Үр дүнд нь 8.3 сая ам.долларын санхүүжилт авахаар боллоо. БНСУ-ын мэргэжилтнүүд ТЭЗҮ хийхээр арваннэгдүгээр сард багтаж ирнэ. Хоёр дахь барилгаа “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо барихаар төлөвлөсөн. Газрын зөвшөөрлөө хөөцөлдөж байна. Баруун зүүн чиглэлд байртай болчихвол хотын түгжрэл багасах болов уу. Манай мэргэжилтнүүд БНСУ-д очиж тэдний үйл ажиллагаа болон ШШҮХ, Шүүх эмнэлэгтэй нь танилцсан. Тэдний туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх гэж хичээж байна.

Өөрөөр хэлбэл, төвдөө том лабораторитой, баруун зүүн талд хоёр байртай болох бөгөөд дэлхийн хэмжээний техник, тоног төхөөрөмж ашиглан шинжилгээ хийж, шинжилгээний чанар, үр дүн дээшилнэ. Мөн үүнийг дагаад тус байгууллагын шинжээч нарыг давтан сургаж, орчин цагийн шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчинтэй болох юм. Үүнээс гадна ирэх жил шинжилгээний лабораториудад засвар үйлчилгээ хийнэ. Үүнд БНСУ-ын талаас 350 000 ам.доллар төсөвлөсөн. Өөрсдөө мэргэжлийн өндөр түвшинд засварлана, тоног төхөөрөмжөө суурилуулна гэсэн.

-Нэг шинжилгээ хийхэд хэр хугацаа шаардах вэ?

-Эдийн засгийн шинжилгээ уддаг. Ачааны машин дүүрэн бичиг баримт ирэх нь ч бий. Тусгай шинжилгээ бас их хугацаа ордог. Өдөртөө гардаг шинжилгээний дүгнэлт гэж байхгүй.

-Хүнд нөхцөлд ажилладаг болохоор асуумаар санагдлаа. Танай ажилтнуудын дундаж цалин хэд вэ?

-Төрийн байгууллагатай ижил төрийн тусгай албан хаагчдын сүлжээгээр цалинждаг. ТТ-1, ТТ-6-гаас эхлээд 16 хүртэл өснө. Ахлагч нар ТТ-6-гаар цалинждаг. Тэд хамгийн бага цалинтай. Цалин нь амьдралд хүрэлцдэггүй. Гэхдээ боломж бололцоогоороо сэтгэлээрээ ажилладаг. Заримдаа ээлжийн амралтаа ч авч чаддаггүй. Шинжээч нар ч амаргүй нөхцөлд ажилладаг. Нэг шинжээч өдөрт 10 гаруй дуудлагад явах нь ч бий. Цалинг нь нэммээр л байгаа юм. Хэргийн газрын хамгийн хэцүү хүнд рүү тэд л ордог.

Цалинг нь нэмдэггүй юм гэхэд боловсролыг нь дээшлүүлж, орон тоог нэмэх замаар ажлын ачааллыг нь багасгаж, техникээ сайжруулахаар хичээж байна. Цалин нэмэхгүй бол боловсролоо дээшлүүлсэн хүн чинь гараад явчихна. Тогтоохын тулд боломжийн цалин өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг ХЗДХЯ-нд тавьсан. Олон хоног амаргүй нөхцөлд, амралтгүй ажилласан хүмүүсийг хэд хоног ч болтугай тайвшруулж амраадаг баймаар байна.

-Ар гэрийнхэн нь олдоогүй хохирогчдоо хүний ёсоор оршуулж чадаж байна уу?

-Буяны ажил гэж амаргүй зүйл бий. Хэдийгээр хуулиар хүлээгээгүй ч энэ үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Дэлхийн аль ч улс орны Шүүхийн шинжилгээний байгууллага энэ төрлийн ажил хийдэггүй. Гэхдээ манай байгууллага хийсээр ирсэн. Хотын захиргаа болон зарим байгууллага газрын асуудлыг шийдэж өгөхгүй ажил гацаасан тал бий. Сүүлийн үед арай дээрдсэн. Монголд баруун зүүн талаас гаргана, урд хойд талаас ирнэ гэх мэт ёс заншил байдаг. Үүнээс шалтгаалж шарил хадгалах газрыг хотын хоёр газар байгуулахаар болсон.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО