Дундговь аймгийн хэмжээнд залуу гэр бүл, зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор өнөөдөр 12 өрх гэр бүлд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтох нар болон холбогдох албаны хүмүүс оролцож, өргөө гэрийг гардуулан өгч, гэртэй болж буй иргэдэд сайн сайхны ерөөл дэвшүүлсэн юм.
Дундговьчууд бид наймдугаар сард Монголд төдийгүй дэлхийд анх удаа 3000 морин хуурч, уртын дуучид нэгэн дор чуулсан “Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадам”-ыг зохион байгуулсан билээ. Тус ажлын хүрээнд компаниудаас дээрх гэрүүдийг хандивласан бөгөөд үйл ажиллагааны төгсгөлд мөн Дундговь аймгийн 15 сумын 45 гэр бүлд гардуулан өгсөн юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.