Эрүүл мэндийн газар. Шинэ коронавирусийн халдвар олон улсад тархаад байгаа цаг үеийн байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны тархвар зүйн зөвлөх багийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор Д.Отгонбаатар 2020 оны 2 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзалт хийн, Эрүүл мэндийн газар, эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, шинэ болон сэргэж буй халдварууд” сэдэвт сургалтыг хийлээ.
Сургалтад Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Сайнцагаан сум, Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд болон “Мөнхдэлгэр”, “Элбэрэлбуян” эмнэлгүүдийн нийт 45 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан юм. Мөн Онцгой байдлын газрын “Шуурхай удирдлагын байр”-наас хөдөөгийн 14 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдон дээрх сургалтыг хийсэн байна.