Шүүхийн шинжилгээний алба. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга цагдаагийн ахмад А.Амгаланболдтой ярилцлаа.
-Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хэдэн эмч ажилладаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд шүүх эмнэлгийн чиглэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг шинжээч эмчийн 79 орон тоо бий. Үүнээс нийслэлийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт 26 эмч, аймаг тус бүрт 2-3 шинжээч ажиллаж байгаа. Манай байгууллага жилд ойролцоогоор 70 мянган шинжилгээ хийдэг. Криминалистик, эдийн засаг, шүүх эмнэлгийн, тусгайшинжилгээний гээд бүх төрлийн шинжилгээ багтаж байгаа. Үүний 40 мянга гаруй нь буюу нийт шинжилгээний 60 хувийг шүүх эмнэлгийн шинжилгээ дангаараа эзэлж байна.
-Шүүх эмнэлгийн шинжилгээнд юу, юу багтах вэ?
-Үндсэн гурван төрлийн шинжилгээ байдаг. Нэгдүгээрт, хүний биед хийх шинжилгээ, энэ нь дотроо дөрөв ангилагдана. Нэгд, гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ орно. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн үед тухайн хүний биед ямар гэмтэл гарсныг тодорхойлох шинжилгээ гэсэн үг. Хоёрт, бэлгийн маргаантай асуудал шийдвэрлэх шинжилгээ гэж бий. Энд бүх төрлийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн үзлэг, шинжилгээ багтана. Мөн зарим тохиолдолд иргэний журмаар хүйс тогтоолгох, охин байдлыг тогтоох, хурьцал үйлдсэн эсэх, төрсөн эсэх, ураг тээх, хүүхдээ өсгөн бойжуулах чадвартай эсэх гээд өргөн хүрээг хамарсан шинжилгээ багтдаг. Гуравт, нас тогтоох шинжилгээ орно. Аливаа хэрэг, маргаан, эсвэл нас зайлшгүй шаардсан ажил, мэргэжлийн үед уг шинжилгээг хийдэг.
Ялангуяа, тэтгэвэр тогтоолгох насныхан энэ төрлийн шинжилгээг хийлгэдэг. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад төрсөн он, сар нь зөрүүтэй бичигдсэн хүмүүс ханддаг. Дөрөвт, эрүүл мэндийн шинжилгээ буюу хүн ямар нэгэн өвчин эмгэгтэй эсэхийг тогтоодог юм. Хорих, баривчлах, нийтэд тустай хөдөлмөрлөх ялтай хүмүүс тодорхой заасан өвчний эмгэгийн улмаас ял эдлэх боломжгүй байдаг. Харин үндсэн гурван төрлийн шинжилгээний хоёрдугаарт, цогцос, шарил шинжлэх шинжилгээ ордог. Гэмт хэргийн улмаас юм уу, эсвэл эмнэлгийн бус нөхцөлд нас барсан бүх цогцост хуулийн байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу задлан шинжилгээ хийдэг. Мөн тодорхой хугацааны дараа оршуулчихсан байгаа шарилыг гаргаж ирээд шинжлэх тохиолдол байдаг. Гуравдугаарт, үндсэн шинжилгээ буюу хэргийн материалуудыг үндэслэн шинжилгээ хийнэ. Бүх төрлийн иргэний болон эрүүгийн хэрэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслээд шинжилгээ хийдэг юм. Ийм гурван төрлийн үндсэн шинжилгээ хийгдэж байна.
-Гэмт хэргийн улмаас юм уу, эсвэл эмнэлгийн бус нөхцөлд нас барсан бүх цогцосноос шинжилгээ авдаг хэрэг үү?
-Хуулийн байгууллага энэ цогцост заавал шинжилгээ хийх ёстой гээд тогтоол, шийдвэр гаргасан нөхцөлд шинжилгээ хийнэ. Түүнээс нас барсан бүх хүнд шинжилгээ хийдэг гэсэн үг биш. Ер нь гэмт хэргийн улмаас, эсвэл ямар нэгэн байдлаар гэнэт нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд шинжилгээ хийдэг. Зарим тохиолдолд эмнэлгийн байгууллагад нас барсан хүний цогцосыг шинжилдэг. Мөн л хуулийн байгууллагын тогтоол, шийдвэрийн дагуу шинжилгээ хийнэ. Сүүлийн үед эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн ар гэр нь “Эмчилгээ буруу хийсэн, эмч нар хайнга хандсан” гэдэг үндэслэлээр гомдол гаргах болсон.
-Ямар тохиолдолд шарил шинжилдэг юм бэ?
-Тухайлбал, ах, дүү, хамаатан садны хооронд болсон хэрэг, маргаанаа нуух зорилгоор хуулийн байгууллагад мэдэгдэлгүйгээр оршуулах тохиолдол гардаг. Мөн задлан шинжилгээ хийсэн ч гэсэн тухайн үеийн гэмтлүүдийг илүү нарийвчилсан байдлаар шалгах хэрэгтэй болсон тохиолдолд шарил шинжилдэг.
-Улсын хэмжээнд ердөө 79 шинжээч эмч гэхээр маш ачаалалтай ажилладаг байх нь ээ?
-Тиймээ. Орон нутагт ажиллаж байгаа шинжээч эмч нар бол маш ачаалалтай ажилладаг. Аймагтаа гарсан бүх хэрэг дээрээ ажиллаж байгаа учраас гэртээ нэг сар хүртэлх хугацаанд очихгүй байх ч тохиолдол бий. Шүүх эмнэлгийн шинжилгээ жил ирэх тусам ойролцоогоор гурван хувийн өсөлттэй байна. 1992 онд тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар 40 мянган хүнд нэг шинжээч эмч байна гэж заасан байдаг. Гэтэл одоогийн байдалд энэ тоо хаанаа ч хүрдэггүй. Жилд нэг эмч ойролцоогоор 120 гаруй задлан шинжилгээ, 1200 орчим гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, 140 орчим хэргийн материалын шинжилгээ хийж байна. Энэ бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй гарах ёстой учраас маш их хүч, хөдөлмөр шаарддаг. Орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай.
-Шинжээч эмчийг хэрхэн бэлтгэдэг вэ?
-Монгол Улсад 79 шинжээч эмч ажилладаг гэж хэлсэн. Үүнээс жилд ойролцоогоор 1-2 орон тоо сулардаг. Тодорхой хэмжээний сорилт, шалгалт аваад, тэнцсэн хүнийг ажилд авдаг. Шинжээч эмч болохын тулд хүний их эмчээр төгссөн байх ёстой. Манай байгууллага нь АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтраад шүүх эмнэлгийн шинжээч эмчийн мэргэжил олгох сургалтад хамруулж шинжээч эмчээ бэлддэг. Өөрөөр хэлбэл, хүний их эмчээр төгссөн хүмүүсийг бэлтгэж, шинжээч эмчээр ажиллах эрх олгодог гэсэн үг. Одоогоор шүүх эмнэлгийн шинжээч эмч гэдэг ерөнхий мэргэжлээр бэлтгэж байна.
Энэ эмч цогцост шинжилгээ хийх, хүн үзэх, хэргийн материалаар шинжилгээ хийж дүгнэлт гаргах гээд бүгдийг нь хийж байгаа. Гэтэл дэлхий нийтэд шүүхийн анагаах ухаан гэдэг нь салбарлаад хөгжсөн байдаг. Жишээлбэл, шүүх дүрс оношилгоо гэдэг салбар нь нас барсан хүний цогцост компьютер томографкын шинжилгээ хийдэг. Заавал цогцост задлан шинжилгээ хийхгүйгээр нас барсан шалтгааны талаар урьдчилсан дүгнэлт гаргадаг. Манай улсад тоног төхөөрөмж байхгүй ч энэ төрлийн чиглэлээр хоёр эмч бэлтгэн, сургаж байна.Мөн шүүх шүд судлал гэж бий. Том хэмжээний гал түймэр, онгоцны ослын үед шатсан цогцосны шүдний зургийг амьд ахуй үеийн зураглалтай харьцуулж ямар хүн гэдгийг тогтоох боломжтой гэх мэт.
-Тэгэхээр манай улсын шүүх эмнэлгийн салбар салбарлах ёстой юм байна, тийм үү?
-Тийм. Шүүх шүд судлал, яс судлал гэх мэтээр цаашаа салбарлан хөгжих ёстой. Гэхдээ эдгээр салбар эхлэл төдий хөгжиж байгаа. Үүний тулд тасралтгүй сургалт явуулах шаардлагатай. Тухайлбал, бид саяхан ОХУ-ын Эрхүү хотод эмч нараа мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулсан. Мөн Эрхүү хотын шүүх эмнэлгийн мэргэжилтэн авчирч, тодорхой хэмжээний сургалт явуулах болно. Бид шүүх эмнэлгийн эмч нараа чадавхжуулахсургалтыг байнга явуулдаг. Мөн 2021 онд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Шүүх эмнэлгийн шинжилгээний цогцолбор эмнэлэг барихаар төсөв хөрөнгө шийдэгдчихсэн явж байна. Энд нь зөвхөн барилга, байгууламж, тоног төхөөрөмж биш үе шаттай сургалт тусгагдсан коронавирусийн улмаас тус улсын мэргэжилтнүүд ирэх байсан ч хойшлогдоод байгаа. Тэгэхээр манай улсад шүүх шинжилгээний цогцолбор эмнэлэг 2021-2022 онд ашиглалтад орно.