Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагт "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2020 оны намрын "Мод тарих үндэсний өдөр"-өөр аравдугаар сарын 10-ны өдөр тохиож аймгийн хэмжээнд 38 байгууллага 380 иргэн 3637 ширхэг мод тарьж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллалаа. Мод тарьсан байгууллага, иргэд, сурагчид болон аймгийн Соёл амралтын хүрээлэнд 1000 ширхэг хайлаас мод тарьсан "E-Mart" худалдааны төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг бөгөөд дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна. Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг аж. Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй. Түүнчлэн мод нь хөрс хамгаалдаг байна.