Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай санал солилцлоо.
Тус байгууллага нь Амьтан болон ургамлын тооллогыг 5 жилд нэг удаа мэргэжлийн байгууллагаар хийлгэж, улс, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрээр нийт 369,4 га талбайн ногоон байгууламжийн ажил, аймгийн хэмжээнд байгаа 117 булгаас 53 булгийн эхийг хашиж хамгаалах, аймгийн газар нутгийн 26%-ийг тусгай хамгаалалтад аваад байна. Мөн эко сургууль, цэцэрлэг, Эх дэлхийн цаг, Бүх нийтээр мод тарих өдөр, Хоггүй цэвэрхэн Монгол, Цэвэрхэн наадацгаая, өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх “Ногоон паспорт” аян, Эко клубын чуулган, Дэлхийн ойн өдөр, Дэлхийн усны өдөр гэх мэт экологийн боловсрол олгох нөлөөллийн ажил, арга хэмжээнүүдийг олон нийтийг хамруулан зохион байгууллаа. 2018 оны тооллогоор уул уурхайн үйл ажиллагааны улмаас нийт 613,9 га эвдэрсэн байсан. Үүнийг 2020 оны байдлаар 8.3%-д нөхөн сэргээлтийн ажил хийсэн. 2020 оныг “Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан:
• Нүхэн жорлонг халж БИО 00 сурталчлах үүднээс 1 өрхийг сонгон /showroom/ бий болгов.
• Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбайг 1 дүгээр сургуулийн орчимд тохижуулав.
• Бага газрын чулуу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчийн байр болон БИО 00, мэдээллийн самбарыг байршуулав.
• Улс, орон нутгийн авто зам дагуу болон аялал жуулчлалын бүс дэх хог хаягдлыг цэвэрлэх, мэдээллийн самбар тэмдэг тэмдэглээ байршуулах ажлыг 90 овоо, Дэлгэрцогт сум, Цагаан суварга газруудад зохион байгуулав.
• Монгол бичгийг уламжлан дээдлэгч байгууллага болох зорилт тавин байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа сурталчилгааны материал дээр монгол бичгийг оруулж, албан хаагчид “Хүмүүн бичиг” сонинг тогтмол захиалан уншдаг.
• Албан хаагчдад 7 хоног бүр англи хэл, монгол бичгийн сургалт, хичээл ордог.
Цаашид Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30%-д хүргэх, Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын эвент арга хэмжээг тогтмолжуулах, Нөхөн сэргээлтийг эрчимтэй хийлгэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байна. Мөн тус газраас Аймгийн Засаг даргад байгаль орчны салбарын онцлог, байгууллагын албан хэрэгцээнд авто машины асуудал шийдвэрлүүлэх, ногоон байгууламжийг жилд 11 га-р нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавилаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс “Мэргэжлийн оновчтой, сонирхолтой мэдээлэл сонслоо. Мөн танай байгууллагын тохижилт, гадна дотно байдал, ногоон байгууламж зэрэг нь бусад байгууллагад жишээ болохуйц бүтээлч ажил болсон байна. Бор овооны эргэн тойрон орчимд орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй зураг төсөл нь явагдаж байгаа. Энэ ажилд танай байгууллагын оролцоо, мэргэжлийн зөвлөгөө чухал байх болно. Бидэнд тавьж байгаа саналыг сонслоо. Аль болох нэн шаардлагатай тулгамдсан асуудлыг бид шийдээд явна. Танайхаас ирсэн нисдэг камер буюу дрон авах хүсэлтийг дэмжиж төсөвт суулгасан байгаа” гэв.