Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг халдварт бус өвчин /ХБӨ/-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас барж байна.
Дэлхий нийтээр тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломж буурч хөдөлгөөний хомсдолд өртөх магадлал өсөн нэмэгдэж байна.
Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он).
ДЭМБ-аас 2010 онд эрхлэн гаргасан “Эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний дэлхийн зөвлөмж”-ийг шинэчлэн боловсруулж хүн амын нас, хүйс, ажил мэргэжил, архаг суурь өвчин, хөгжлийн бэрхшээл зэргийг үндэслэн “Дасгал хөдөлгөөн ба хөдөлгөөний хомсдолын талаарх удирдамж”-ийг баталсан.
Энэхүү удирдамжийг олон улсын эрдэмтэн, судлаачдын 1300 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, нотолгоонд тулгуурлан анх удаагаа хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, жирэмсэн болон амаржсан эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн хүн амд зориулан боловсруулснаараа онцлогтой байв.
ДЭМБ гишүүн орнууддаа уг удирдамжийг өөрийн улс орны онцлогт нийцүүлж боловсруулан цаашдын бодлогын бичиг баримтад тусган хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон юм.
ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран үндэсний хэмжээнд энэхүү удирдамжийг эрүүл мэнд, биеийн тамир, спорт, боловсролын салбарыг төлөөллүүдийг оролцуулан танилцуулах цахим хурлыг зохион байгуулж байна.