Стандарт Хэмжилзүйн хэлтсийн даргаар батлуулсан Баталгаажуулалтын хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Хэмжлийн улсын шалгагч М.Эрдэнэбаатар, Б.Батцоож нартай хамтран Сайнцагаан сумын 14 худалдааны газарт Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019, Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагууд болон Ковид-2019-тэй холбогдуулан гаргасан аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрүүд, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар хяналт шалгалт хийлээ.
Хяналтаар Бодьсог ихэрийн шанд ХХК, Мэргэд, Л.Бальдирмаа, С.Оргилбаатар, А.Долгорханд нарын 6 нэрийн дэлгүүр, Эхэн хөшөөт ХХК, Ихэр гэр чулуут ХХК-ны худалдааны газрууд бараа бүтээгдэхүүний нөөц бага, хэрэглэгч үйлчилүүлэгчид цөөн, худалдааны газарт хөтлөх хөтөлгөөнүүд дутуу, хаяг шошго дутуу тавигдсан, хөдөлмөр хамгааллын хувцас өмсөхгүй үйлчилгээ үзүүлж байсан зөрчилтэй байлаа. Үүнээс Л.Бальдирмаа, Бодьсог ихэрийн шанд ХХК, Эхэн хөшөөт ХХК-ны худалдагч нарын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлгүй ажиллаж байсныг хувцасыг нь өмсүүлж зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллаа. А.Цэрэнжав, Төгрөг мандал ХХК, Жонийн булаг ХХК, Жинд болор ХХК-ийн худалдааны газруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Шалгалтын явцад Тойн хайрхан ХХК-ний худалдааны газар савласан бараа бүтээгдэхүүн хаяг шошгогүй, савлагдан зарагдаж буй сахар, цагаан будаа, шар будаа нь кг тутамдаа 40 грамм дутуу жиндээ хүрэхгүй савлагаатай, заавал хөтлөх хөтөлгөө дутуу байсныг стандартын дагуу хаяг шошгожуулах, савласан бүтээгдэхүүнийг жинд нь хүргэж савлах, худалдагч нь хөдөлмөр хамгааллын хувцас, халад, малгайг өмсөж хэвших зэрэг 3 зүйл заалт бүхий Баталгаажуулалтын хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж бичгээр хариуг авахаар боллоо. Эмтийн ширээ ХХК-ны худалдааны газар нь савласан бүтээгдэхүүн нь стандартын дагуу, нэг бүрчлэн хаяг шошгожуулсан, худалдагч нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн байгаа нь үлгэр жишээ байлаа. Мөн Баталгаажуулалт болон Хэмжих хэрэгсэл, давсны хэрэглээ бууруулах, Аюулгүйн тэмдгийн талаарх гарын авлагуудыг тарааж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч ажлаа сурталчилж үнэлүүлж ажиллаа.