Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчилан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр ирсэн билээ.
Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Цаг явсаар байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байдаг энэ нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй байгааг харуулдаг. Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчний дотор нэгдүгээр байранд орж байна.
-Хэдийгээр сүрьеэ болон Ковид-19 аль аль нь ихэвчлэн уушгийг гэмтээж ханиалгах, халуурах, амьсгалахад хүндрэлтэй гэх мэт төстэй шинж тэмдгүүд илэрдэг ч эмнэлзүйн явцаараа ялгаатай.
-Корона вируст халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг богино хугацаанд илэрч, эмчилгээний үргэлжлэх хугацаа харьцангуй богино үргэлжилдэг бол сүрьеэгийн эмнэлзүйн илрэл ихэвчлэн удаан хугацаанд илэрч эмчилгээ 06-18 сар үргэлжилдэг. -Сүрьеэгийн үед ханиалгах ихэвчлэн цэр, цустай цэр ялгардаг бол хүндрэлгүй ковидын үед хуурай цэргүй ханиалга байдаг.
-Коронавируст халдварын үед амьсгал давчдах зовиур эрт үед илэрдэг бол сүрьеэгийн үед ихэвчлэн хожуу үе шатанд удаан хугацааны дараа хүндрэл байдлаар илэрдэг.
-КОВИД-19 дэгдэлт нэг гэр бүлийн хүрээнд эсвэл олон хүн цугларсан газар ихэвчлэн 1-2 долоо хоногийн дотор шинж тэмдэг илэрдэг бол сүрьеэгийн явц удаан хэдэн сарын дараа шинж тэмдэг илэрч болно.
-КОВИД-19 халдвартай хүнтэй 2 метрээс дотогш зайд 15 минут дээш хугацаанд хамт байхад халдвар авах эрсдэлтэй байдаг бол халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй 6-8 цаг хамт байхад халдвар авсан байх эрсдэлтэй болдог гэж үздэг. Энд бусад хүчин зүйлсүүд бас ихээхэн нөлөөтэй байдаг.
Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар