Архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эрдэнэт хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, гэмт хэрэг, зөрчилд холбогдож эргэж нөхөхгүй цаг хугацаа, амьдралаа алдахыг та бидний хэн ч сонгохгүй билээ. Гагцхүү архи, архидан согтуурах нь хар мөр дагуулсаар явдаг гэдгийг санаарай.
Манай аймгийн хэмжээнд 2019, 2020 оны 6 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2020 оны 6 сард 29 байсан бол 2021 оны 6 сард 38 болж, 9 буюу 31.1%-иар өссөн.
Согтуугаар үйлдэгдсэн зөрчил 2020 оны 6 сард 207 байсан бол 2021 оны 6 сард 209 болж, 2 буюу 0.9%-иар өссөн.
Архидан согтуурсны улмаас ослоор нас барсан хүн 2020 оны 6 сард 3 байсан.
Архидан согтуурсны улмаас ослоор гэмтсэн хүн 2020 оны 6 сард 1, 2021 оны 6 сард 1 байна.
Архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэмт хэрэг 2020 оны 6 сард 15 байсан бол 2021 оны 6 сард 21 болж 6 буюу 38.6%-иар өссөн байна.
Архины хамааралтай түргэн тусламжийн дуудлага 2020 оны 6 сард 58 байсан бол 2021 оны 6 сарын байдлаар 98 болж 40 буюу 68.9%-иар өссөн байна.
Архины хордлогоор хэвтэн эмчлүүлсэн 2020 оны 6 сард 10 байсан бол 2021 оны 6 сарын байдлаар 8 байна.
Архидан согтуурсны улмаас гэмтэж бэртэн Яаралтай тусламжийн тасгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 2020 оны 6 сард 13 байсан бол 2021 оны 6 сарын байдлаар 14 болж 7.6%-иар өссөн байна.
Архины хордлогоор нас барсан 2020 оны 6 сард 2 байсан бол 2021 оны 6 сард 4 болж 2 буюу 100.0%-иар өссөн байна.
Архидан согтуурсны улмаас гэрээр нас барсан 2020 оны 6 сард 1 байсан бол 2021 оны 6 сард 2 болж 100%-иар өссөн байна.
Иймд “Эрүүл иргэнтэй Дундговь” болохын төлөө та бүхнийг “Архигүй амьдралыг цогцлооё” аянд нэгдэхийг дахин хүсч байна.
Үүний учир, УРИАЛАХ НЬ:
1. Архи, согтууруулах ундааны зүйл, архидалтын хор уршиг хөнөөлийн тухай ойлголтыг хүүхэд бүрт багаас нь суулгаж “Архи уудаггүй иргэн болох” төлөвшил хүмүүжлийг олгоцгооё!
2. Хүүхдүүдийнхээ дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болцгооё!
3. Эмэгтэйчүүд архидвал ирээдүй сүйрэх тул хацар гоо охид, хатан гоо ижий даяараа энэ идээнээс эрс татгалзацгаая!
4. Залуу хүн бүр архидалтаас татгалзаж ирээдүйгээ илүү тод гэрэлтүүлцгээе!
5. Төрийн албан хаагч бүр манлайлагч байх үүргээ ухамсарлаж, архидан согтуурах явдлыг таслан зогсоож нийгмээ сайн үйлсээр үлгэрлэн уриалан дуудацгаая!
6. Гэр бүлээрээ, ургаараа, удам овгоороо архидалтыг цээрлэн жигшиж “Эрүүл гэр бүл” ураг удам овог болцгооё!
7. Албан байгууллагаараа, айл хотлоороо, гудам хорооллоороо, баг сумаараа архидалтыг амар тайван амьдралыг бусниулагч хэмээн үзэж шийдвэртэй тэмцэцгээе!
8. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг аль болох архидалтгүйгээр тэмдэглэн өнгөрүүлж хэвшицгээе.
Үүнд:
8.1. Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Шинэ жил, найр хурим зэргийг “40 хүрээд дөнгөж амсдаг” ардынхаа ёс заншлаар;
8.2. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, Эх үрсийн баяр зэрэг томоохон баярыг ямар ч согтууруулах ундааны зүйлгүйгээр;
8.3. Байгууллагын ой, гавъяа шагнал, одонгийн найр, ажил мэргэжлийн баярыг хөдөлмөрийн алдрын баяр болгон ямар нэг хүлээн авалт, архи дарсгүйгээр;
8.4. Төрсөн өдрийн баярыг ээжийгээ баярлуулдаг, найзынхаа нэрэмжит хүмүүнлэгийн болон нийгмийн тустай ажил зохион байгуулж баярлуулдаг байдлаар тэмдэглэдэг болцгоож ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ!
9. Согтууруулах ундааны зүйлээр хэзээ ч нэгнийгээ үл шахаж, харин ууж шаналж уруудаж доройтож яваа нэгнээ архидалт хэмээх аюулт өвчнөөс ангижрахад нь итгэл сэтгэлийн дэм өгч, эрүүл аз жаргалтай амьдралд нь эргэж оруулахын төлөө нийтээрээ нэгдэн зүтгэцгээе!
• Ард иргэд нь хамгийн бага согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг аймаг болж, улс үндэстнээ үлгэрлэн манлайлъя!
Үүний тулд ЦЭГЛЭЕ, ЭХЭЛЬЕ!
• Ачит аав, ээж, алдрай хань, алаг хөөрхөн үрс маань айх аюул, ичиж зовох шалтгаан үгүй аз жаргалтай амар тайван амьдраг!
Үүний төлөө ЦЭГЛЭЕ, ЭХЭЛЬЕ!