Онцгой байдлын газар. Шинэ долоо хоногийн мэндийг нийт Мандалговьчууддаа хүргэе
Онцгой байдлын газар нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Мандалговь хотын өнгө үзэмжид хувь нэмрээ оруулах тохижилт бүтээн байгуулалтын ажил болон нийгэмд эерэг нөлөө үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулан ажилладаг.
Гэвч бидэнд өнөөдөр бүтээж босгох ухаан биш хайрлаж хамгаалах ухаан дутмаг байгааг ердөө нэг хоёрхон жил болсон тохижилт бүтээн байгуулалтын ажлаас харж болно. Хувийн эзэмшлийн талбай гоё, чамин тохижилттой байж болдог хирнээ яагаад нийтийн эзэмшлийн талбайд хийсэн тохижилтын ажил ийм байгааг ойлгон, нэхэн дүгнэх хугацаа болжээ.
Жилийн өмнө байгуулсан талбай эвдэрч сүйдсэнийг хараад бид энэ удаад шинээр байгуулсангүй зүгээр л цэвэрлэж, цэгцэлж, эвдэрснийг янзлан сэргээлээ.
Аврагч нар амралтын өдрөө зориулж эвдэрч хэмхэрсэн талбайгаа янзалж, зэрлэг ургамлыг нь зулгааж зогсонгоо бид, бидний ирээдүй яагаад ийм өчүүхэн ядмаг байгаад сэтгэл халаглан шивнэлдэж байв. Бид нэг Дэлхийтэй, нэг агаартай, нэг гэр бүл, эргэн тойронд барьж байгуулсан бүтээн байгуулалт, тохижилтын ажилд чиний гар оролцоогүй ч дэлгүүрээс худалдаж авсан талхны чинь үнэнд шингэсэн татварын мөнгө тэнд оролцсон байгаа.
Юм бүхнийг өөрийн мэт хайрла, хариуцлагатай иргэн байцгаая...