Аж ахуй нэгж, байгууллагуудын эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, ажлын байрандаа эрүүл, аюулгүй, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилэн сэргийлэх, амьдралын эрүүл зөв зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх талаар зохион байгуулсан ажлыг үнэлж дүгнэн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”-ыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ.
Энэхүү ажлын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр” шалгаруулах шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа ирүүлсэн 7 байгууллагын материалд болон газар дээр нь очиж үнэлгээ үнэлгээ өгч дүгнэн шалгарсан байгууллагад шагналыг гардууллаа.
“Эрүүл ажлын байр” 1-р зэргийн болзолыг хангаж Л.Оюун эрхлэгчтэй Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэг шалгарлаа. Тус цэцэрлэг нь “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болох зорилт тавин сүүлийн 2 жил ажлын байрандаа эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх үйл ажиллагааг идэвх, санаачлагатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа хамт олон юм.
Мөн “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, гэр бүл, иргэн” шалгаруулах журмын дагуу 6 өрх, иргэн шалгаруулалтанд оролцсоноос “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, гэр бүл”-ээр Сайнцагаан сумын иргэн Содномил, Б.Золбоо нарын өрх гэр бүл, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ээр Сайнцагаан сумын иргэн Ц.Оюунчулуун, О.Чулуунбат нар тус тус шалгарлаа. Эдгээр иргэд нь идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн хэвшил болгож аливаа хорт зуршлаас ангид байж эрүүл зөв зохистой хооллолт, эрүүл амьдрах зан үйлийг бусадад уриалан, үлгэрлэн манлайлж байгаа иргэд юм.
Байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, гэр бүл, иргэн”-ийг шалгаруулах болзол журмын дагуу ажлын байр, өрх гэр бүлдээ эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэн бий болгож иргэд эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэн халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэн уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.