Байгаль орчин, аялал жуулчлалын газар. БОАЖСайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форумд оролцлоо.
Мөн БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх нарын хамт Дундговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн байгууллагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр тус салбарын орон нутгийн байгууллагууд мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлыг танилцуулж, харилцан санал солилцлоо.
БОАЖСайд Б.Бат-Эрдэнэ:
Засгийн газрын 43 дугаар тогтоол шинэчлэгдсэнтэй холбогдуулан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтыг сайжруулах.
Орон нутгийн төсвөөс ойн нөөцийг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээнд зарцуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд мод сөөгийн тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих.
Сум дундыг ойн ангийн хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчин, техник тоног төхөөрөмжөөр хангахад анхаарах.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
Хөх морь” төслийн хүрээнд Орхон-Онги төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн ус ундны асуудал, тариалалтын асуудлыг шийдэх боломжтой.
Сайнцагаан сумын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Орон нутгийн санхүүжилтээр цөлжилтийн нарийвчилсан үнэлгээг аймгийн хэмжээнд хийж цөлжилт газрын доройтлыг бууруулах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах, жил бүр цөлжилтийн эсрэг 50 га газрыг орон нутгийн санхүүжилтээр ойжуулах асуудлыг шийдвэрлэх гэсэн үүрэг чиглэлийг өглөө.
Тал талдаа аливаа асуудлыг ажил хэрэг болгоход анхааарч, ажиллах хэрэгтэйг санууллаа.