Дэлхийн усны өдөр нь анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.
Зорилго: Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2022 оны Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” сэдвийн доор бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент хийхэд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан байна.
Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг байна.
Монгол оронд бүгд нийлээд 67 000 км урт болох 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газар бий. Харамсалтай нь, 2019 оны байдлаар 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Улаанбаатар бол хот дотроо рашаантай дэлхийн хоёр нийслэлийн нэг юм.
Монголын гол мөрнийг Умард мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагшаа урсгалгүй гэсэн гурван ай савд хуваадаг аж. Монголын хамгийн урт гол Орхон 1124 км урт, усаа цуглуулах талбай 133000 км². Харин Хэрлэн голын хувьд, БНХАУ-ын нутгаар урсдаг хэсгийг нь оруулж тооцвол 1200 км юм. Хамгийн ус ихтэй нь Сэлэнгэ мөрөн. Жилийн дундаж урсац нь 300 м3/сек байдаг.
Монгол орны хамгийн том мөсөн гол нь Алтай Таван богд дахь Потанины мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай. Манай орны хамгийн том Увс нуур 3350 км² талбайтай бол Хөвсгөл нуур хамгийн гүн буюу 238 метр юм.