Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Дундговь аймагт “Ногоон хөгжлийн зөвлөгөөн”-ийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, аймгийн удирдлагууд, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн доктор профессор А.Хауланбек, Монгол Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн эрдэмтэн доктор Э.Ариунболд, “Ногоон ази” ТББ-ын ахлах мэргэжилтэн Б.Хонгорзул, Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалаг, Монголын тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Ундрах-Од, Сумдын удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо.
Эрдэмтэн судлаачид, албаны хүмүүсийн зүгээс Говийн бүс нутгийн хөрсний онцлог, түүнд дасан зохицох ургамал, модны судалгаа, тэр бум модны төлөвлөлт, танилцуулга, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний мэдээлэл, өнөөгийн цөлжилтийн байдал зэрэг олон талын судалгаа бүхий мэдээллийг танилцуулсан.
Энэ үеэр сумдын Засаг дарга нартай “Тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ” байгууллаа.
Мөн Сум дундын Ойн ангиас улиас, хайлаас, сухай, бургас, шар хуайс, голт бор, бүйлс, гүйлс г.м 15 нэр төрлийн тарьц суулгац, мөчир, үр, багаж тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргалаа.
Зөвлөгөөнөөс гарсан дүгнэлт:
Удирдлага зохион байгуулалтын талаар:
1.1 Тэр бум мод хөдөлгөөнийг аймагт хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шаардлагатай төсвийн хамт боловсруулж, гаргах
1.2 Сумд мод тарихад зориулж жил бүр орон нутгийн төсвийн 3-аас доошгүй хувийг төсөвт тусгаж байх, мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүрэг бий болгох;
1.3 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд газрын доройтол, цөлжилтөд өртсөн талбайн хэмжээг 0.5 хувиар бууруулсан байх
ХОЁР. ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР:
2.1. Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгоход шаардлагатай материалыг үндэслэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зүгээс дүгнэлт, тодорхойлолтыг түргэн шуурхай, саадгүй олгож, мод үржүүлэг, агро ойн аж ахуй, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх
2.2. Улсын Их Хурлын гишүүд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт хамрагдах, томоохон хөрөнгө оруулалт татах ажилд онцгойлон анхаарч ажиллах
ГУРАВ. ХҮНИЙ НӨӨЦ, МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙ ТАЛААР:
3.1. Дундговь аймгийн Политехникийн коллежид ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд шатлан суралцах боломжийг бүрдүүлэх
3.2. Сум, суурин газар бүрт 10-аас доошгүй ойжуулагч байхаар тооцож, хүлэмжийн аж ахуй эрхлэгч байхаар тооцож 40 сургагч багш бэлтгэх, бүлгийн 160 гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2022 онд багтаан 2 удаа зохион байгуулах
ДӨРӨВ. ҮР, ТАРЬЦ, СУУЛГАЦЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР:
4.1. Үр хадгалах байгууламжийг сумдын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр байгуулах
4.2. Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх;
4.3. Аймгийн хэмжээний үрийн нөөцийг жилд 600 кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 300,000 ширхэгт хүргэх
ТАВ. АГРО-ОЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:
5.1. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэхэд эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах
5.2. Жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх иргэдийн бүлэг байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах
ЗУРГАА. ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР:
6.1. Хур тунадас, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, далан хаалтыг нэмэгдүүлж, саарал усыг дахин ашиглах системийг бүрдүүлэх
6.2 Аймгийн хэмжээнд Цөлжилт, газрын доройтлын нарийвчилсан судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, төлөвлөгөө боловсруулах
6.3 Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага судлах.
ДОЛОО. ХОТ, СУУРИН ГАЗРЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР:
7.1. Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;
7.2. Ногоон байгууламжид тарих зориулалттай тарьц, суулгац үржүүлэх газруудад татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхийг бодлогоор дэмжих;
7.3. Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах хашаа хамгаалалт, худаг усны хангамжийг нэмэгдүүлэх талаар зөвлөмжид тусгажээ.