2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн төслийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад 15 сумаас 153 төсөл ирсэн байна.
Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 57 төсөл ирснээ 31 төслийг сонгон шалгаруулж 300 сая, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 51 төсөл ирснээс 25 төслийг сонгон шалгаруулж 125 сая, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 45 төсөл ирснээс 13 төслийг сонгон шалгаруулж 96 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгоход бэлэн болоод байна. Төслийн үр дүнд нийт 69 байнгын ажлын байр бий болно.
Төсөл сонгон шалгаруулахад төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлага, зах зээлийн багтаамж, эдийн засгийн тооцоолол, санхүүжилтийн зарцуулалт, хүрэх үр дүн, ажил хөдөлөр эрхэлдэг эсэх, зээлийн мэдээлэл, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамрагдсан байх гэх мэт шалгуур үзүүлэлтийг голчлон авч үздэг ч иргэд төслөө өөрөө бичдэггүй, тухайн орон нутагт байгаа зах зээлийн багтаамжаа судалдаггүй, хүн дуурайж төсөл бичих, хүүгүй мөнгө авах сонирхолтой, төслийн тооцоолол үндэслэлээ зөв тодорхойлоогүй, хэрэгжүүлэх арга хэмжээний эдийн засгийн тооцоолол бодит бус, хүссэн санхүүжилтээс давсан зээлтэй гэх мэт алдаа дутагдлууд гарч байна.