Өнөөдөр өглөө аймгийн онцгой комисс өргөтгөсөн цахим хурал хийж Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад гарсан Шүлхий өвчний талаар хэлэлцэж тухайн асуудал болоод нөхцөл байдлыг танилцуулах цахим хурлыг 15 сумтай хийлээ. Цахим хурлаар Дундговь аймгийн зүүн сумдад гарсан шүлхий өвчинтэй тэмцэх, шүлхий өвчний тархалтанд хариу арга хэмжээ авч ажиллах талаар ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр, аймгийн онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ нар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө. Аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу 21 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ хугацаанд сум бүр үүрэг хариуцлагатай ажиллаж эрүүл бүсийн сумдууд малчдад сэрэмжлүүлэг, мэдэгдэл хүргүүлэхийг зөвлөлөө. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгаас отор нүүдэл, мөн зээрийн сүргийн шилжилт хөдөлгөөн их байгаа учир шүлхий өвчинтэй тэмцэхэд хүндрэлтэй байгааг дурьдаад малчид мал сүргээ байнгын хариулга маллагаатай байж зээрийн сүрэгтэй нийлүүлэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Шүлхийн тархалт нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учир хаа хаанаа хариуцлагатай, хатуу дэг журамтай байж хамтран ажиллах үүргийг сумдын удирдлагуудад өглөө.