Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монголчууд бидний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн билээ. Бүх нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой СОЁЛЫН СЭРГЭЛТ АЯН, УУДАМ ЭХ ОРНЫ МААНЬ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ТҮҮЧЭЭЛЭН ХҮРНЭ. Дундговь аймгийн ард иргэдийн мэлмий сонор баясгах урлагийн тоглолтыг орон нутгийн тайзнаа амилуулан, номын үр шимийг нийтэд хүргэн, соёлын албан хаагчдаа чадавхжуулах илтгэл сургалт зохион байгуулж, Монгол түүхийн улбаа болсон соёлын биет бус өвийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнг 2023 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд түгээн сурталчилна. Энэхүү аяны бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат, Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг тэргүүтэй говийн бүсийг хариуцсан ажлын хэсэг Дундговь аймагт ирж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон Соёл, урлагийн газар, мэргэжлийн урлагийн байгууллагууд, нийт Соёлын төвүүдийн дарга нартай уулзаж арга зүйн чиглэл, зөвлөгөө өгч ажиллалаа.