Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гурав дахь удаа зохион байгуулж байна. Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдах юм. Энэхүү судалгаагаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг судална. Түүнчлэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, ялгаварлан гадуурхалт, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх боломж олгох ач холбогдолтой. Үүнээс гадна энэ удаагийн судалгаа нь “Ковид-19”-ийн дараа болж байгаагаас гадна өмнөх судалгаануудад байгаагүй шинэ бүлэг асуулгууд оруулснаараа онцлогтой. Тухайлбал өсвөр нас, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд, 5-9 насны хүүхдийн өндөр жингийн хэмжилт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн амьдралын олон талыг нөхцөл байдлыг судлахаар зорьж байна. #НҮТС #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ