ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН СУМДЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХАМТДАА ХӨГЖЬЕ” БАГА ЧУУЛГАНЫГ ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус бага чуулганд Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумдын хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй иргэн оролцож, сургалт мэдээлэл, хэлэлцүүлэгт хамрагдлаа. Чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нээж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн СЗҮ-ний албаны дарга Т.Лхагвасүрэн, Эрдэнэдалай сумын Засаг даргын орлогч О.Базаррагчаа, ХЭХАХ мэргэжилтэн Ч.Үүрцайх, ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Бүрэнжаргал нар тус тус мэдээлэл хийж оролцлоо.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Их үйлсийн бүтээмж” ХХК хамтран “Өсөх хандлага” хувь хүний хөгжил, суурь мэдлэг олгох сертификаттай сургалт, “Асуудлаас боломж” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.Мөн бага чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч 20 иргэн цагаан идээ, эсгий урлал, хялгасан эдлэл, шүрэн урлал, монгол дээл хувцас, тэмээний ноосон хувцасны үзэсгэлэн худалдаа гаргаж, харилцан туршлага солилцлоо.ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Үүрцайх Б.Амарсайхан нар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэвэр тэтгэмжийн талаар, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын хөдөлмөрийн биржийн мэргэжилтнүүд оролцогчдод ганцаарчилсан зөвлөгөө өгч, “Хос хангай өлзийт” ХХК ортопед болон тусгай хэрэгсэл олгож үйлчиллээ.“Хамтдаа хөгжье” бага чуулганы спортын арга хэмжээний суугаа волейболын төрөлд 1-р байр Эрдэнэдалай сум, 2-р байр Дэлгэрхангай сум, 3-р байр Хулд сум, даамны эрэгтэй төрөлд Эрдэнэдалай сумын иргэн Р.Энхбаяр 1-р байр, Дэлгэрхангай сумын иргэн Ц.Бат-Өлзий 2-р байр, эмэгтэй төрөлд Сайнцагаан сумын иргэн Б.Гантуяа 1-р байр, Хулд сумын иргэн О.Саранчимэг 2-р байр тус тус эзэлж амжилттай оролцлоо.