Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банктай хамтран "Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл"-ийг 2021-2024 он хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зохион байгуулсан чиглүүлэх уулзалтад Дундговь аймгийн БШУГ-ын дарга, мэргэжилтэн, төслийн зохицуулагч, Говийн ирээдүй цогцолбор сургууль, 3-р цэцэрлэгийн
төлөөлөл оролцож сайн туршлагаа хуваалцлаа. Манай аймгийн хувьд Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй 5,6 настай хүүхдийн сургууль, цэцэрлэгийн элсэлт, сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийн үйл ажиллагааг тогтмолжуулах, идэвхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга туршлага, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг ахмад багшийн зөвлөх үйлчилгээг явуулын багшийн үйлчилгээтэй холбон авч хэрэгжүүлсэн ажлыг онцлон танилцууллаа.
Мөн "Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл"-ийн хүрээнд Тэгш хамран сургах боловсролыг дэмжих, нөөц боломж, олон нийтийн оролцоо болон бодлогыг сайжруулах зорилгоор зарласан бичил төслийн уралдаанд “Дүүрэн бэлэг” ТББ-тай хамтарсан “Хүүхдээс хүүхэд” бичил төсөл шалгарч, амжилттай хэрэгжүүлэн төслийн үр дүнгээ танилцуулан цаашид орон нутгийн сайн туршлага болгохоор төлөвлөн ажиллаж байна.