Сайнцагаан сумын 7-р баг, Төв халхын дуулалт жүжгийн театрын баруун талд байршилтай газар эзэмшигч нь 2018 онд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр суурийн нүхийг ухаж он удаан жил орхисны улмаас хамгаалалтын хашаа нурж иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн. Дээрх газрын эзэмшигч хуулийн этгээдэд барилгын ажлыг хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэх, хамгаалалтын хашааг засварлах талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц бүрэн бүтэн байдал нь алдагдсан хашаа, хамгаалалт муу ухсан нүх бүхий уг газрыг иргэдийн тав тухтай амьдрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ухсан нүхийг технологийн дагуу нягтаршуулан булах ажлыг тус байгууллагаас хяналт тавьж, зохион байгуулсан. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачлагаар 2023-2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн 104,9 сая төгрөгийн хөрөнгөөр “Ахмад, хүүхэд залуучуудын дасгал хөдөлгөөнийг дэмжих зориулалтын талбай”-н ажлыг гүйцэтгүүлж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авсан.
ЦААШИД ДЭЭРХ ТАЛБАЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД АНХААРАЛ ТАВЬЖ, ХАЙР ГАМТАЙ ЭДЛЭХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ЮМ.