Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ой, Дундговь аймагт барилгын салбар үүссэний 63 жилийн ойг тохиолдуулан “Барилгын зөвлөгөөн-2024" үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Уг зөвлөгөөн орон нутагт барилгын салбарт гарч буй өөрчлөлт, хөгжил дэвшил, төр болон барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, барилга, барилгын материалын
үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.
Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, ахмад барилгачид болон тус аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнууд, инженер, техникийн ажилчид оролцож салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн аймгийн Барилгачдын холбооны удирдах зөвлөлийг шинээр сонгож, үйл ажиллагааг цаашид тогтмолжуулах талаар шийдвэрлэлээ.