Өнөөдөр "Хүний нөөцийг хөгжүүлэх" дэд хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчдад батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын зөвлөх, “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн ахлагч Л.Доржбат, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярсайхан нар оролцож батламжийг гардуулав.
Мөн энэ үеэр “Урамшууллын жишиг тогтоох журам”-ын дагуу амжилт гаргасан тамирчдад урамшуулал гардуулсан юм. Олон улсын International Eastercup Berlin-Moabit-2024 CHAMPIONS тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож алтан медаль хүртсэн Цэгц билиг сургуулийн 11а ангийн сурагч Эрдэнэ-Очирын Маргад-Эрдэнэ, мөнгөн медаль хүртсэн Цэгц билиг сургуулийн сурагч Оргилын Тэнүүн нарт урамшуулал олгов.
Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдах Жюү жицүгийн дэлхийн аваргын тэмцээнд Эх орноо төлөөлөн оролцох эрхийг хүртээд байгаа Говийн Ирээдүй сургуулийн 8б ангийн сурагч Даваадоржийн Гандорж, Мөнхбатын Эрхсаран, Эрдмийн далай сургуулийн 7б ангийн сурагч Өлзийбаярын Цэрэнжаргал нарт Хүүхдийн хөгжил сангийн журмын дагуу таван сая төгрөгийн дэмжлэгийн батламжийг гардууллаа.
"Цахим аймаг" хөтөлбөрийн хүрээнд бүх сумдын төрийн байгууллагуудыг компьютер ухаалаг самбар, принтер зэрэг цахим тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд байгууллагуудын төлөөллүүдэд өнөөдөр гардуулсан юм.