Мэдээ, мэдээлэл

Дэлхийн цаг уурын өдөр/2018-03-23/

“Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч цаг агаарын аюул гамшигт бэлэн байцгаая”
(Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын илгээлт)
2018 оны дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч цаг агаарын аюул гамшигт бэлэн байцгаая” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр сонгон авсан билээ. Хэрэв энэ уриан дээр “усныхаа нөөцөд анхааран…” гээд нэмчихвэл тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч болж өгч байгаа үндсэн хүчин зүйлсийн иж бүрдэл бүрэн хангагдах юм.
Цаг агаар, уур амьсгал, ус нь нийгмийн сайн сайхан байдал, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын амин чухал үндэс боловч бас гай гамшигт ч хүргэдэг зүйл. Өнгөрсөн түүхэн хугацаанд халуун бүсийн циклон буюу далайн хар салхи, их аадар бороо, халууны долгион, ган, өвлийн цасан шуурга, хэт хүйтрэл зэргээс олон хүний амь нас эрсдэж, эд агуурсын үлэмж хохирол учирч байсан нь цөөнгүй. Нөгөө талаар өнөө цагт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өмнө дурдсан аюулт болон гамшигт үзэгдлийн эрч хүч хийгээд тохиолдох давтамж улам ихсэж байна. Энэ 2018 он маань ч цаг агаарын аюул гамшиг элбэгтэй өнгөрсөн 2017 оны үргэлжлэл болон золгож байгаа билээ. 2017 онд тохиолдсон далайн хар салхи АНУ-ын хувьд хамгийн их хор хохирол учруулсны дээр Карибын сав газрын жижиг арлууд, түүний дотор Домниканд олон арван жилээр бүтээн босгосон бүхнийг арчин хаясан билээ. Ази тивд үерийн улмаас сая сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн бол Африкийн эвэрт тохиолдсон ган гачиг өлсгөлөн гуйланчлалыг улам гүнзгийрүүлж, мөн л амьдрах уугуул нутагтаа аргагүй байдлаас болж хүн амны шилжилт хөдөлгөөн явагдахад хүргэв. Энэ бүгд даян дэлхийн эдийн засгийн форумд зориулан дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нарын “Даян дэлхийн эрсдэлийн илтгэл”-д хүрээлэн буй орчны асуудал хоёр жил дараалан хамгийн чухал анхаарал татсан сэдэв болон тэмдэглэгдсэн байна. Энэхүү илтгэлд дурдснаар хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нэн тулгамдсан асуудалд цаг агаарын эрс үзэгдлүүд, биологийн элдэв янз байдлын алдагдал, экотогтолцооны сүйрэл, томоохон хэмжээний байгалийн гамшиг, хүний үйл ажиллагааны гаралтай экологийн сүйрэл зэрэг дээр бас уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг зөөлрүүлэх болон дасан зохицохуйн салбар дахь үр дүн багатайхан оролдлогууд зэргийг онцгойлон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн 2017 он цаг уурын ажиглалт хэмжилт хийж ирсэн түүхэн дэх хамгийн дулаан гурван жилийн нэг, Эль Ниногүй байсан хамгийн дулаан жил болж түүхэнд орлоо. Хүлэмжийн хийн ялгарлаас үүдсэн уур амьсгалын удаан хугацааны өөрчлөлтөөс цаашид ч агаарын температур улам нэмэгдэхийн дээр цаг агаар, усны гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн эрсдэл улам нэмэгдэнэ.
Би дэлхийн цаг уурын байгууллагын бүх гишүүн орнуудад хандан “уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч” “цаг агаарын аюул гамшигт бэлэн байдлаа дээшлүүлэх” хийгээд үүний зэрэгцээ “усныхаа нөөцөд анхаарал хандуулж” байхыг уриалж байна. Энэ бол тогтвортой хөгжилд хүрэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон улсын зорилтод дэмжлэг үзүүлэхэд чухал шаардлагатай юм.
Цаг агаар, уур амьсгал, усны аюул гамшигт бэлэн байдлыг дээшлүүлэхийн тулд төрөл бүрийн аюултай үзэгдлийг цаг тухайд нь урьдчилан мэдээлэх тогтолцоо болоод харилцан уялдан зохицуулсан хариу арга хэмжээг улам төгөлдөржүүлэх шаардлагатай юм. Энэхүү үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЦУБ-аас тогтвортой байдлыг бэхжүүлэх практик арга хэрэгсэл болохуйц төрөл бүрийн аюултай үзэгдлийг цаг тухайд нь урьдчилан мэдээлэх тогтолцооны жагсаалтыг байнга нийтэлж ирсэн байдаг билээ.
Үндэсний цаг уур болон Усны албад цаг агаарын бүхий л төрлийн үзэгдлүүдийг хэт богино хугацааны өмнөөс хийгээд сар, улирлаар, бүр уур амьсгалын ерөнхий чиг хандлагыг нь хүртэл урьдчилан мэдээлж, тэр гаргасан мэдээгээ хувь иргэдээс эхлээд нийгмийн бүхий л хүрээнд, бүх шатны шийдвэр гаргагчдад хамгийн энгийн ойлгомжтой байдлаар хүргэж байх нь чухал.
Цаг агаар, уур амьсгалын аюултай болон гамшигт үзэгдэлд бэлэн байдлыг дээшлүүлэх эхний алхам бол ажиглалт хэмжилтийн найдвартай сүлжээг хөгжүүлэх явдал юм. Хуурай газар, далай дээрх ажиглалтын сүлжээний дээр агаар, сансраас хийдэг цаг уурын тандан судалгааны хэмжилт бол цаг агаар, уур амьсгалын аюул гамшгийг урьдчилан мэдээлэхэд шаардлагатай эх мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд ДЦУБ – аас гишүүн орнуудынхаа ажиглалтын суурь сүлжээг улам сайжруулах хийгээд уур амьсгалын мэдээллийн үйлчилгээг өргөжүүлэх үйл ажиллагааг ямагт дэмжиж ирсэн билээ.
Хоёрдугаарт нь: цаг агаар, уур амьсгалын аюул, гамшигт нийгмийн тогтвортой байдлыг дээшлүүлэх үндэс бол шинжлэх ухаан-техникийн дэвшлийн ололтыг урьдчилан мэдээлэх салбарт тууштай нэвтрүүлэх явдал юм. Цаг агаарын гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх явдал сүүлийн 30 жилд тууштай буурч ирсэн нь цаг агаарын урьдчилсан мэдээний чанар эрс сайжирч ирсний үр дүн бөгөөд нөгөө талаар аюул гамшигт бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн хохирлыг арилгахад салбар дундын уялдаа холбоо сайжирч байгаагийн үр дүн юм. Цаг агаарыг урьдчилан мэдээлэх компьютерийн тооцооны аргыг сайжруулж чадсны үр дүнд өнөөгийн 5 хоногийн өмнөөс гаргасан урьдчилсан мэдээний чанар 20 жилийн өмнөх 2 хоногийн урьдчилсан мэдээний чанарын түвшинд хүрч чадсан байна. Энэ хандлага цаашид ч үргэлжилж урьдчилсан мэдээний чанар улам дээшлэх болно. Урьдаас сэрэмжүүлэх явдал бол гамшгийн эрсдэлийг бууруулах үндсэн арга зам бөгөөд чухам үүгээр л хүний амь насыг хамгаалах явдлыг сайжруулж, эд агуурсын хохирлыг бууруулж чадна. Аюул гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоог үр дүнтэй ажиллуулахын тулд сэрэмжлүүлэх мэдээллийг олон нийтэд түгээх, түүнийг үр дүнтэй ашиглах талаар аюул гамшигт өртдөг хувь хүн, нийгмийн бүлэгт сургалт сурталчилгаа, гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж цаг агаарын ямар ч өөрчлөлтөд бэлэн байх чадварыг буй болгох хэрэгтэй юм. Энэ үйл хэрэгт чиглүүлэн ДЦУБ-аас Үндэсний цаг уур/усны албадтайгаа хамтран агаар мандал, усны гаралтай төрөл бүрийн аюул, гамшигт үзэгдлээс сэрэмжүүлэх даян дэлхийн жишиг тогтолцоо буй болгох санаачлага дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид “Уур амьсгалын эрсдэл ба эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоо” санаачлага болон Уур амьсгалын үйлчилгээний даян дэлхийн суурь тогтолцооны үндэс хөтөлбөрийн хүрээнд олон улсын түнш байгууллагуудтайгаа хамтран нийгмийн эмзэг салбарын аюул гамшигт өртөх эрсдлийг бууруулахаар ажиллаж байна.
Усны салбарын үйлчилгээ ч гэсэн бас тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд өдгөө бид ирэх 5 дугаар сард “Усны салбарын үйлчилгээ ба хөгжил дэвшил” уриан дор зохион байгуулагдах даян дэлхийн усны бага хурлын нэг ивээн тэтгэгчээр оролцох гэж байна.
Төгсгөлд нь ажиглалтын сүлжээний хүрэлцээгүй байдлыг багасгах, цаг агаарын үнэн зөв бөгөөд цагаа олсон урьдчилсан мэдээ гаргах болоод цаг агаар усны төрөл бүрийн аюул, гамшигт үзэгдлээс урьчилан сэрэмжүүлэх мэдээллэээр хангахад гишүүн орнуудад тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах болоод цаг агаар, уур амьсгал, устай холбоотой гадаад хүчин зүйлсийн сөрөг үйлчлэлд тогтвортой нийгмийг цогцлоон бүрэлдүүлэх үйл хэрэгт ДЦУБ цаашид ч чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Түүнчлэн бид “Хүсэж буй ирээдүйгээ цогцлоон байгуулья” уриан дор НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр болон гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн суурь хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулах болно.
ДЦУБ-ын бүх гишүүн орнууд болон бидэнтэй хамтран ажиллдаг бүх хүмүүст Даян дэлхийн усны өдөр (3 дугаар сарын 22), Даян дэлхийн цаг уурын өдөр (3 дугаар сарын 23)-ийн мэндчилгээг дэвшүүлж Та бүхнийг ойрын үед уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, цаг агаарын аюул гамшигт бэлэн байдлаа дээшлүүлэн, усныхаа нөөцөд улам илүү анхаарлаа хандуулахыг уриалж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО