САЙН МЭДЭЭ-БОДИТ АЖИЛ
Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газраас нотлох баримтыг илрүүлэн бэхжүүлж авах, хэргийн газрын ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийх, криминалистик, шүүх эмнэлэг, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, эдийн засгийн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй.
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хууль анх 2009 онд батлагдаж, хүрээлэн байгуулагдаж байх үед хүрээлэнгийн хэмжээнд нийт шинжээчид 44307 шинжилгээ хийж байсан бол 2017 онд 65526 гарын мөр, мөр судлал, бичиг баримт, галт зэвсэг, тэсрэх төхөөрөмж, дүр зураг, дүрс бичлэг, авто техник, компьютер судлал, дуу авиа, материал судлал, хими, физик, биологи, ДНХ, бактериологи, гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн болон нас тогтоох, хавтаст хэргийн материал, эд эс, цогцост задлан шинжилгээг тус тус хийсэн бөгөөд 21219-өөр буюу 47.89 хувиар өссөн дүнтэй байна.
Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах” зорилтод ажлын хүрээнд тус хүрээлэн нь 2018 оныг “Ажлын хариуцлага, сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт тавин ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжилгээний лабораториудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, автомашинуудын парк шинэчлэлийг бүрэн хийж, бүх аймаг орон нутгийн Шүүхийн шинжилгээний албаны лабораторийн барилга байгууламжийг нэгдсэн нэг хэв загварт оруулах, шинжээч мэргэжилтэн нарын ажлын ур чадвар, хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийж байна. Үүнд:
Шинжээч эмч нарын ажлын ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд нийт 38 шинжээч эмчийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 6 сарын богино хугацааны мэргэжил дээшлүүлэх резидентурын сургалтад хамруулж байна.
Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА-ийн шугамаар 2020 онд хэрэгжүүлэх “Дижитал шүүх шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээний чиглэлээр шинжээчдийг сургах, лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” 3.7 сая ам.долларын төслийн ажил судалгааны хэмжээнд хийгдэж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор баталсан Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад орсон 13,5 сая ам.долларын өртөгтэй “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн материалыг шинэчлэн боловсрууллаа.
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар болон зарим аймгийн шүүхийн шинжилгээний албадуудыг 2017 онд ажлын болон лабораторийн хэрэгцээ шаардлага хангасан тодорхой тооны автомашинуудаар хангасан бөгөөд цаашид шуурхай бэлэн байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд нийт 22 явуулын лабораторийн автомашин худалдан авч парк шинэчлэлийг бүрэн хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2018 онд нийт 10 ширхэг автомашин авах бөгөөд үүний эхний 5 ширхэг “УАЗ-Фургон” маркийн автомашиныг өнөөдөр хүлээн авсан баяртай мэдээ байна. Ойрын үед үлдсэн 5 ширхэг автомашиныг авах бөгөөд үүнд дарга нарын унах автомашин нэг ч байхгүй болно.
Эхний ээлжинд алслагдсан болон ажлын хэрэгцээнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа аймаг, орон нутгийн шүүхийн шинжилгээний албадуудад хувиарласан. Тухайлбал Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний алба, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шүүхийн шинжилгээний хэсэг, Шүүх эмнэлэг, Криминалистикийн албыг хангахаар боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолын дагуу 21 аймагт баригдах нэг стандарт бүхий лабораторийн барилга, байгууламжийг 3 үе шаттай шийдвэрлэхээр болсон. Уг ажлын хүрээнд лабораторийн эхний барилгыг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд барьж, 2018 онд багтаан ашиглалтад оруулахаар зураг төслийг гаргаж, тендер зарлан ажиллаж байна. Ирэх жилд Архангай, Баянхонгор, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад барихаар болж, удаагаар нь үлдсэн аймгуудад барихаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторид хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардлагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох 3 төрлийн “6530 QTOF шингэний хроматограф-масс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф, 5977 загварын хийн хроматограф масс спектрометрийн аппарат”-ыг нийт 1,962,433,000.00 төгрөгөөр худалдан авч суурилууллаа.
Мөн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторид гэрэл зургийг чанарын өндөр түвшинд боловсруулах “Fujifilm Frontier LP7700” маркийн шинэ тоног төхөөрөмжийг 195.8 сая төгрөгөөр худалдан авч, хэмнэгдсэн 29.2 сая төгрөгөөр компьютер, принтер бусад техник хэрэгсэл худалдан авсан болно.
Эдгээрийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр хүлээн авч, албажуулан ажиллагаанд оруулах болно.
Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор ойрын жилүүдэд олгогдоогүй байсан дүрэмт хувцсаар хангасан. 2018 онд албан хаагчдыг дүрэмт хувцсаар бүрэн хангаж дуусах бөгөөд цаашид тогтмол хангах зорилготой байна.
ОХУ-ын “Адис-Папилон” фирмтэй хийсэн 3 жилийн гэрээний дагуу гарын хээний автомат харьцуулалтын Адис-Папилон системийн ажлын станц, амьд станцуудын системийн программ хангамжийн алдааг засаж, системийн тохиргоо, засвар үйлчилгээг бүрэн хийж, гацсан хайлтуудыг засварлах, шинэ загварын скайнеруудаар солих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Мөн Галт зэвсгийн “Абис-Арсенал” системд техникийн шинэчлэл хийж, серверийг дахин тохируулан, баазыг сэргээн засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан болно.
Хууль зүй, дотоод хэргийн Сайдаас дэвшүүлсэн салбарын албан хаагчдыг орон сууцаар хангах зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтарч 420 айлын орон сууц барихаар ажиллаж байна. Энэхүү барилга нь Баянзүрх дүүргийн “Кино үйлдвэр”-ийн дэргэд баригдах бөгөөд одоогийн байдлаар хөрсний шинжилгээг хийлгэж байна.
Үндсэн үйл ажиллагааны орлогыг 2017 онд давуулан биелүүлж төв болон зарим аймгийн шүүхийн шинжилгээний албаны барилга байгууламжид бүрэн засвар хийсэн бөгөөд 50 компьютер, 22 принтер, 25 дижитал зургийн аппарат худалдан авч аймгийн шүүхийн шинжилгээний албадуудад хуваарилсан.
Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах зорилгоор албаны материаллаг баазыг бэхжүүлэх, шинжээч мэргэжилтнүүдийг давтан сургаж, ур чадварыг дээшлүүлэх томоохон ажлуудыг хийсээр байна.
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН